Бүгд найрамдах намаас сонгогдсон Дональд Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн хувиар даваа гарагт тангараг өргөлөө. Тэрбээр АНУ-д амьдарч буй бичиг баримтгүй олон сая цагаач иргэнийг эх орон руу нь албадан буцаах зэрэг бодлогын томоохон өөрчлөлтүүдийг яаралтай хийхээ амлав.
Тангараг өргөсний дараа хагас цаг орчмын турш хэлсэн үгэндээ Д.Трамп “Америкийн алтан үе яг одоо эхэлж байна” хэмээн онцлон дурдлаа. “Энэ мөчөөс эхлэн Америкийн уналт дууслаа. Бид улс орноо ялалт, амжилтын шинэ өндөрлөгт хүргэнэ. Бидэнд хүрч чадахгүй мөрөөдөл гэж үгүй. Бид бууж өгөхгүй. Бид бүтэлгүйтэхгүй” гэж тэрбээр хэлсэн байна.
“Улс үндэстний амжилтын шинэ эрин үе эхэлж байна гэдэгт итгэлтэй, өөдрөг бодолтойгоор би ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн ирж байна. Өөрчлөлтийн түрлэг улс орныг хамарч байна" гэж Д.Трамп Капитолын ордны Дугуй танхимд цугларсан 600 орчим хүн болон улс орон даяар телевизээр үзэж буй олон сая үзэгчид хандан хэлжээ.
“Бид түүхэн дэх хамгийн агуу соёл иргэншлийн эр зориг, эрч хүчтэйгээр дахин ажиллах цаг болсон гэдгийг би өнөөдөр америкчуудад хандаж хэлмээр байна” гэж тэрбээр цохон тэмдэглэлээ.
Өдгөө 78 настай Д.Трамп тус улсын 45 дахь Ерөнхийлөгч байсан бөгөөд дараалан биш хэдий ч хоёр удаа сонгогдсон түүхэн дэх хоёр дахь Ерөнхийлөгч болж байна. Түүнээс өмнө Гровер Кливленд 1890-ээд онд хоёр удаа сонгогдож байжээ. Д.Трамп тангараг өргөснөөр Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд дөрвөн жил ажилласны дараа албан тушаалаа орхилоо.
Д.Трамп хэлсэн үгэндээ Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн дэд Ерөнхийлөгч асан Камала Харрисыг ялахдаа улс төрийн тулааны талбар болсон долоон муж улсад бүгдэд нь илүүрхсэн гэдгээ дурдаж, 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн амлалтуудаа даруй биелүүлэхээ амласан байна.
Мөн Д.Трамп АНУ руу нэвтрэхийг эрмэлзэж буй олон мянган цагаачийн урсгалыг зогсоохын тулд “үндэсний хэмжээнд онцгой байдал зарлаж”, Мексиктэй хиллэдэг АНУ-ын баруун өмнөд хэсгийн хилийг хаана гэж мэдэгдлээ. Тэдний ихэнх нь Төв Америкийн орнууд болон бусад газар ядуурал, гэмт хэрэг, ажилгүйдлээс зугтахыг эрмэлзэж байгааг тэрбээр дурдсан байна.
Шинэ Ерөнхийлөгч АНУ-д орогнол хүсэж буй цагаачдад зориулан “Мексикт үлдэх” бодлогыг хэрэгжүүлж, бусад цагаачийг орогнол хүссэн шийдвэрээ хүлээж байх хооронд АНУ-д амьдруулах бодлогыг зогсооно гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Мексикийн мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүдийг “гадаадын террористууд” хэмээн зарлана гэсэн байна.
Үүнээс гадна Д.Трамп цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих Ж.Байдены бодлогыг зогсоохын сацуу АНУ-ын худалдааны бодлогыг шинэчилж, худалдааны гол түншүүдэд шинээр татвар ногдуулна гэж мэдэгджээ.
Дөрвөн жилийн өмнө тангараг өргөх үедээ таван сараар залуу байсан Ж.Байденыг ардаа орхисон Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хамгийн өндөр настай хүн болж байна. Харин Охайо муж улсаас сонгогдсон АНУ-ын сенатч, 40 настай Ж.Д.Вэнс 50 дахь дэд Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр түүхэнд гуравт бичигдэх залуу дэд Ерөнхийлөгч боллоо.
Ерөнхийлөгчийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх ардчилсан орны жишгийн бэлгэ тэмдэг болсон АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Капитолын ордны гадна болдог уламжлалтай. Гэтэл Вашингтонд хүйтэрсэн тул Д.Трамп хэдэн өдрийн өмнө ёслолыг Дугуй танхимд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Тангараг өргөх ёслолд оролцсон хүмүүсийн дунд Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, Tesla-гийн гүйцэтгэх захирал, X нийгмийн сүлжээний эзэн Илон Маск зэрэг Америкийн хэд хэдэн тэрбумтан, мөн TikTok-ын гүйцэтгэх захирал Шоу Зи Чоу нар байлаа.
Мөн БНХАУ-ын дэд дарга Хань Жэн, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа зэрэг гадаадын нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн иржээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама нар ёслолд оролцов.
Мөн 2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордон руу дайран орсон 1500 гаруй дэмжигчийнхээ ихэнхийг нь өршөөнө гэж амласан боловч уг шийдвэр ямар хүрээг хамрахыг хэлээгүй байна. Тэрбээр тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгэндээ энэ талаар дурдсангүй. Цаг агаарын улмаас Пенсильванийн өргөн чөлөөнд хийх парадыг “Capital One Arena”-д зохион байгуулахаар болжээ.
Д.Трамп нэн даруй АНУ-ын бодлогуудыг өөрчилж, Ж.Байдены зарлигуудыг цуцалж, өөрийнхийгөө хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм. Тэрбээр тангараг өргөснөөсөө хойш хэдхэн цагийн дараа Жо Байдены гаргасан 78 зарлигийг хүчингүй болгох тухай баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ.
Мөн түүний гарын үсэг зурсан бусад баримт бичиг нь хууль бус цагаачлалтай тэмцэх, АНУ-ыг Парисын уур амьсгалын хэлэлцээр болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүрэлдэхүүнээс гаргахтай холбоотой байлаа.
Түүнчлэн Д.Трамп Капитолын ордонд болсон үймээн самуунд оролцсон 1500 гаруй хүнд өршөөл үзүүлнэ гэж мэдэгдсэнээр 2021 оны нэгдүгээр сарын 6-ны үйл явдлаас үүдэн яллагдагчаар татагдсан бараг бүх хүн өршөөлд хамрагдах бололтой.
Мөн шинэ Ерөнхийлөгч TikTok нийгмийн сүлжээний хоригийг хэрэгжүүлэх хугацааг 75 хоногоор хойшлуулах тухай баримт бичигт гарын үсэг зуржээ. Уг хуулиар хоригийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр сонголт олгож байгаа боловч АНУ дахь TikTok-ын хувь заяа эргэлзээтэй хэвээр байна.