Оросын холимог тулааны тамирчин /ММА/ Ислам Махачев Бразилын тулаанч Ренато Мойкано-г ялснаар Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга цолоо хамгааллаа. Тулаан өчигдөр Лос-Анжелес хотноо UFC 311 тэмцээний хүрээнд болсон байна.
Махачев тулааны эхний үед өрсөлдөгчөө боох мэхээр ялжээ. Тэрбээр цол хамгаалах тулаанаа эх орон нэгт Арман Царукянтай хийх ёстой байсан боловч тулаанаас нэг хоногийн өмнө Царукян гэмтэл авсан тул Мойкано түүний оронд дэвжээнд гарсан байна.
И.Махачев 2022 оны 10 дугаар сард Бразилын Чарльз Оливейраг боох мэхээр ялж анх удаа аваргалжээ. Дараа нь 2023 оны хоёрдугаар сар ба 10 дугаар сард Австралийн тулаанч Александр Волкановскиг хоёр удаа ялсан байна. 2024 оны зургаадугаар сард Америкийн Дастин Порьег тавдугаар үед боох мэхээр ялжээ. Энэ удаад Мойканог ялснаар аварга цолоо дөрөв дэх удаагаа хамгааллаа.
Өдгөө 33 настай Махачев холимог тулааны дэвжээнд нийтдээ 27 удаа ялж, 1 удаа ялагдсан байна. Тэрбээр 2015 оны 10 дугаар сард Бразилын Адриано Мартинст ялагдсанаас хойш сүүлийн 15 тулаанд хожигдолгүй явж байгаа юм. Түүний өрсөлдөгч Мойкано 20 ялж, 6 удаа ялагдаж, 1 удаа тэнцжээ.