АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөхийнхөө өмнө Вашингтон хотын “Capital One Arena” цогцолборт дэмжигчдийнхээ цуглаанд оролцож үг хэллээ.
“Бид ялсан!” гэж Д.Трамп үгийнхээ эхэнд хэлээд, шинэ засаг захиргаа "бүтэлгүй засаглалыг төгсгөл болгож, Америкийг дахин агуу болгох гэж байна" хэмээн мэдэгдэв.
“Маргааш үд дунд дөрвөн жил үргэлжилсэн Америкийн уналтын хөшиг хаагдаж, бид Америк орны хувьд хүч чадал, хөгжил цэцэглэлт, нэр төр, бахархлын цоо шинэ хуудсыг эхлүүлэх болно. Бид энэ бүхнийг үүрд эргүүлэн авчирна” гэж Д.Трамп хэлжээ.
Тэрбээр мөн хилийн бүс дэх хууль бус цагаачдын урсгалыг зогсооно хэмээгээд, даваа гарагт тангараг өргөснийхөө дараа хэлэх үгэндээ авах арга хэмжээнийхээ талаар дурдана гэж мэдэгдсэн байна.
Д.Трамп хэлэхдээ, даваа гарагт америкчуудыг “маш их баярлуулах” олон зарлигт гарын үсэг зурна гэв. Тэрбээр нэлээд урт үг хэлжээ. Тайзан дээр бизнес эрхлэгч Илон Маск гарч ирсэн ба Д.Трамп мөн шинэ засаг захиргааныхаа гол ажилтнуудыг танилцуулжээ.
Тэрбээр Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээр, "TikTok" нийгмийн сүлжээтэй холбоотой асуудлуудыг дурдаж, Украины дайныг дуусгана гэж дахин мэдэгдсэн боловч хэрхэн дуусгахаа дурдаагүй байна.
Ойрх Дорнодын байдлын тухайд Д.Трамп “11 дүгээр сард бид түүхэн ялалт байгуулснаар энэхүү тохиролцоонд хүрэх боломжтой болсон” гэж хэлээд Ойрх Дорнод дахь тусгай элч Стив Виткофф тохиролцоонд хүрэхэд хувь нэмрээ оруулсныг дурдлаа.
Тэрбээр мөн өөрт нь “TikTok” нийгмийн сүлжээ таалагддаг гэдгийг хэлээд “уг сүлжээг аврах ёстой" гэж мэдэгджээ. АНУ-д хориглохоос өмнө гурван сарын хугацаа өгнө гэж Д.Трамп мэдэгдсэний дараа “TikTok” үйлчилгээгээ ням гарагт сэргээсэн байна.
"Өнөөдрөөс TikTok-ийг АНУ-д дахин хэрэглэж эхэлнэ" гэж Д.Трамп хэлээд "үнэнийг хэлэхэд бидэнд өөр сонголт байхгүй, бид нийгмийн энэ сүлжээг байлгах ёстой. Маш олон ажлын байр бий. Бид Хятадад бизнесээ өгөхийг хүсэхгүй байгаа, бид бусад хүнд ч бизнесээ өгөхийг хүсэхгүй байна" гэжээ.
Цуглааны дараа болсон урлагийн тоглолтын үеэр Д.Трампын сонгуулийн сурталчилгааны сүлд дуу болсон "YMCA" гэдэг дууг "The Village People" хамтлаг дуулсан байна. Тоглолтыг Кид Рок нээжээ. Тэрбээр дуулах үеэрээ хар малгайгаа “Америкийг дахин агуу болгоё” гэсэн улаан өнгийн бичигтэй малгайгаар сольж өмссөн байв.