Тэрүнофүжи анхны даваагаа авч, Хошорюү башёг өнгөтэй эхлүүлэв

оруулсан Алсын Хараа

Мэргэжлийн сүмогийн Хацү башё өнгөрсөн Ням гаригт Токио хотод эхэлсэн. Энэ удаагийн башё олон зүйлээр онцлог болж байна. Тухайлбал, удаан хугацаанд бэртлийн улмаас барилдаагүй байсан ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дэвжээнээ эргэн ирсэн бол озэки Хошорюү С.Бямбасүрэн болон озэки Котозакүра нар ёкозүна цолны төлөө барилдаж буй.

Башёгийн хоёр дахь өдөр буюу өчигдөр/2025.01.13/ сонирхолтой барилдаанууд боллоо. Нээлтийн өдөр өвдөг шороодсон Тэрүнофүжи энэ өдөр Таканошог давж, энэ оны анхны ялалтаа авав. Харин ёкозүна цолны дайрч буй Хошорюү С.Бямбасүрэн Тобизарүг ялж, хоёр дахь даваагаа авчээ. Түүнтэй адил аварга цол горилж байгаа Котозакүра Абид ялагдаж, 1-1 гэсэн амжилттай болсон аж.

Энэ эрчээ хадгалж чадвал Хошорюү С.Бямбасүрэн авга ах Асашорюү Д.Дагвадоржийн адилаар аварга болох бүрэн боломж бий.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Чиёошома Г.Мөнхсайхан өчигдөр Үраг, Ошома П.Дэлгэрбаяр Такарафүжиг, Тамаваши Б.Мөнх-Оргил Чүранүмиг тус тус давжээ. Харин Киришима Б.Лхагвасүрэн, Онокацү Б.Чойжилсүрэн, Тамашохо Э.Энхманлай нар өвдөг шороодов.

Саяхан л дараагийн аварга гэгдэж байсан Киришима Б.Лхагвасүрэн сүүлийн үед тун муу барилдаж, озэки цолоо хүртэл алдсан билээ. Түүнийг удахгүй эргэн формдоо орж, хуучин шигээ барилдана гэдэгт сүмо сонирхогчид итгэж байна.

Сэтгэгдэл бичих