Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест дэгдсэн түймэр улам газар авч магадгүй байгааг АНУ-ын онцгой байдлын газрын дарга анхааруулав.
"Салхи улам хүчтэй, илүү аюултай болж магадгүй байна. Салхины чиглэл хаашаа эргэхийг таамаглах аргагүй" гэж Холбооны улсын Онцгой байдлын агентлаг буюу FEMA-ийн дарга Дин Крисвелл CNN сувагт ярьжээ.
Түймэр тархах тусам хүн ам шигүү суурьшсан дүүргүүд, урлагийн алдартай бүтээлүүд хадгалагдаж байдаг Пол Геттийн музей зэрэг хотын дурсгалт газрууд, Лос-Анжелес дахь Калифорнийн их сургууль галд өртөж болзошгүй гэж хотын эрх баригчид болгоомжилж байна.
Зургаа дахь өдрөө асаж байгаа ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 16-д хүрчээ. Аврагчид, эрэлч ноход түймэрт нэрвэгдсэн хорооллуудаас олон цогцос олдох магадлалтай гэж албаны хүмүүс үзэж байна.
Калифорни муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Адам Шифф CNN-д ярихдаа "түймэрт өртсөн газрууд дайны бүсэд очсон мэт байсан. Бүхэл бүтэн хороолол тэр чигтээ шатсан байсан. Бид өмнө нь ийм зүйл харж байгаагүй" хэмээн хэлжээ.
"Хохирлын хэмжээ, хамарсан хүрээг тооцон үзвэл" Калифорнид дэгдсэн ойн түймэр АНУ-ын түүхэн дэх хамгийн сүйтгэлт байгалийн гамшиг болж магадгүй гэж тус муж улсын захирагч Гэвин Ньюсон мэдэгдсэн байна.
“AccuWeather” байгууллагаас гаргасан урьдчилсан тооцооллоор, одоогийн байдлаар 135-150 тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Шатсан орон сууцны ихэнх нь хамгийн үнэтэй орон сууцнууд учраас хохирлын хэмжээ маш их байна. Үндэсний цаг уурын албанаас бямба гаргийн шөнө, ням гаргийн өглөө, мягмар гарагт шилжих шөнө тус бүс нутагт цагт 48 км-ийн хурдтай салхитай байх бөгөөд бөгөөд зарим үед цагт 112 км хүртэл ширүүсэхийг анхааруулсан байна.
Лос-Анжелес хотын нутаг дэвсгэрт асаж буй дөрвөн түймэр 16 мянга гаруй га талбайг хамраад байгаа бөгөөд 12 мянга гаруй барилга байгууламж шатаж сүйджээ. Хотын 150 мянга орчим оршин суугчид нүүх зөвлөмж хүргүүлээд байгаа бөгөөд 700 хүн есөн хоргодох байранд байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр, хоёр түймрийн 90 ба 76 хувийг, бусад хоёр түймрийн 11 ба 15 хувийг цурманд оруулжээ. Палисейдс дүүрэгт дэгдсэн хамгийн том түймрийн ердөө 11 хувийг унтраагаад байгаа аж.
Калифорни болон бусад есөн муж улсын гал сөнөөгчид, саяхан Мексикээс ирсэн гал сөнөөгчид нийлсэн 14 мянга гаруй хүн, 1354 галын машин, 84 нисэх онгоц түймрийг унтраах ажиллагаанд оролцож байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг