Олимп, дэлхийн аварга Демаркус Казинс Монголын лигт тоглоно

оруулсан Алсын Хараа

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны улиралд анх удаа өрсөлдөж буй Сэлэнгийн “Бодонгууд” багт шинэ тоглогчоо танилцууллаа.

Энэ бол NBA-ийн дөрвөн удаагийн бүх одод тоглогч, бүх NBA-ийн багт хоёр удаа нэрлэгдэж байсан, 2014 оны ДАШТ-ий алт, 2016 оны олимпын алтан медальт Демаркус Казинс юм. Өдгөө 34 настай тэрбээр энэ улирлыг дуустал Сэлэнгийн “Бодонгууд”-тай гэрээ байгуулсан бөгөөд багийн зүгээс түүнийг өнөөдөр албан ёсоор танилцуулав. Тэрбээр “Монголын сагсан бөмбөгийн лигт анхны аваргаа авчрахад нь туслах гэж байгаагаа дуулгахад таатай байна. Хамтдаа аварга авцгаая” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Демаркус Казинсын хувьд 2010 оны драфтын нэгдүгээр тойргийн тав дахь сонголтоор NBA-ын “Сакраменто Кингз” багт нэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл “Нью-Орлеан Пеликанс”, “Голден Стэйт Уорриорс”, “Лос Анжелес Клиперс”, “Милуоки Бакс”, “Денвер Наггетс”, “Хьюстен Рокетс” багт нэгдэж, аваргын төлөө өрсөлдөж байсан билээ. Улмаар азийг зорьж, Тайванийн Т1 лигт тоглож, аварга болоод зогсохгүй финалын үнэ цэнтэй тоглогч болсон түүхтэй. Мөн өнгөрсөн намар мэргэжлийн 3х3 сагсан бөмбөгт дебютээ хийж, Хятадын багийн өмсгөлтэй олон улсын томоохон тэмцээнүүдэд тоглоод амжсан.

Харин Сэлэнгийн “Бодонгууд” энэ улиралд онцгой байгаа бөгөөд 11 хожилтойгоор хүснэгтийн хоёрдугаарт эрэмбэтэй явна. Тус багийн эзэн Л.Наранбаатар энэ улиралд лигийн аварга болох амбицтай гэдгээ зарлаж, NBA-ын тоглогчийг Монголд тоглуулна гэж амалсан нь биеллээ олж байна.

Сэтгэгдэл бичих