Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нэр бүхий иргэд, байгууллагаас жолоочийн даатгалын хураамжтай холбоотой гомдол ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүр шаардлага хангаагүй гэж үзсэн. Тиймээс энэ сарын 9-нд шийдвэр гаргаж, хэрэгжих боломжгүй болголоо. Түүнчлэн уг шийдвэрийг улсын бүртгэлийн нэгдсэн сангаас хаслаа. Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хорооны жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүрийг баталсан шийдвэр хэрэгжих боломжгүй болсон гэсэн үг. Учир нь захиргааны хэм хэмжээний акт Хууль зүй, дотоод хэргийн яамны нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж байж хэрэгждэг.
Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо үүнтэй холбоотой материалуудаа дахин хянаж, хуульд нийцүүл гэдэг байдлаар буцаасан. Одоо олон нийтийн бухимдаад байгаа энэ даатгалын харилцаа хууль зүйн хувьд боломжгүй болж байна. Нэгэнт шийдвэр гарсан тул иргэд даатгалын компаниудаас мөнгөө буцааж нэхэмжлэх боломжтой. Даатгалын компаниуд мөнгийг нь буцаан өгөх үүрэгтэй” гэв.