Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт сүүлийн долоо хоногийн мэдээллээр дэгдэлтийн түвшинд байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
ХӨСҮТ-ийн тасгийн эрхлэгч Ц.Наранзул мэдээлэхдээ, “Булган, Өвөрхангай, Увс, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотын харуулдан тандалтын эмнэлэгт томуугийн шалтгаанаар хандсан хүмүүсийн сорьцод амьсгалын замын вирус илрүүлэх судалгаа хийхэд 62.2 хувьд томуу, томуу төст өвчин үүсгэгч таван төрлийн вирус илэрсэн. Дийлэнх хувийг амьсгалын замын болон томуугийн H1N1 хэв шинжийн вирус эзэлж байна. Харин SARS, Corona вирус хамгийн бага буюу нэг хувийг эзэлж байна.
Нийслэлийн хэмжээнд 52 дугаар долоо хоногт амбулаторид 111 819 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 13 659 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 12.2 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос 0.2 хувиар өссөн үзүүлэлт юм” гэв.
Нийт өвчлөгсдийн 19.1 хувийг нэг хүртэлх насныхан, 20.2 хувийг 2-4 нас, 22.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 20 эмнэлэгт 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 87.8 хувь нь амьсгалын замын халдварын шалтгаантай байгааг тэрбээр мэдээлэлдээ дурдав.