Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн энэ оны эхний ажлын өдөр буюу нэгдүгээр сарын 2-нд “Нүүрсний” гэх тодотголтой, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд зэрэг албан тушаал хашиж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХКийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг хэлэлцэх, эсэхийг хянаад шүүх хурлаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Учир нь шүүгдэгч 11 хүн, тэдний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл, прокурорын эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж шүүгч нар дүгнэсэн юм. Ингэснээр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүс давж заалдах шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эдлэх болов.
Уг хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны есдүгээр сарын 11, 12-нд хэлэлцээд заримынх нь ял шийтгэлийг багасгасан юм. Тодруулбал, Б.Ганхуяг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, улмаар уг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан нь нотлогдсон гэж үзсэн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Харин гэмт хэргийн замаар нэгэнт олсон эд хөрөнгө, мөнгийг өөр зүйлд захиран зарцуулж, хэлбэрийг нь өөрчлөх замаар мөнгө угаасан үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж давхар зүйлчилсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, давхардуулан ногдуулахгүй байх зарчимд нийцээгүйгээс гадна шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзсэн. Тиймээс Б.Ганхуягийн холбогдсон үйлдлүүдээс үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэнийг, Б.Отгонжаргалын холбогдсон хэргүүдээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгосон билээ.
Улмаар Т.Аюурсайханы нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, хорих ялыг хоёр жил зургаан сар, Б.Ганхуягийн нийтийн албанд томилогдох эрхийг мөн хугацаагаар жил хязгаарлаж, оноосон хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт гурван жил есөн сар, Б.Отгонжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасан, нэг жил хорих ял болгож багасгасан юм. Бусад шүүгдэгчдэд оноосон хорих болон торгох ялыг хэвээр
нь үлдээсэн юм. Мөн зарим шүүгдэгчээс гаргуулахаар болсон мөнгөн дүнг зөвтгөн өөрчлөлт оруулжээ.
Харин “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү Х.Батхишигийг хахууль өгсөн гэм буруутайд тооцон анхан шатны шүүх нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, 14 сая төгрөгөөр торгоод байсныг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Уг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид гурван жил хорих ял шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаад үндэслэлгүй хөрөнгөжиж олсон 1.8 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгүүдийг хурааж улсын орлого болгохоор шийдсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахууль авсан гэмт хэргийн зохион байгуулж оролцсон гэм буруутайд тооцож, биеэр эдлэх ялыг таван жил есөн сарын хугацаагаар хорихоор тогтоож, нийтийн албанд ажиллах эрхийг долоон жил хассан. Мөн 9.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм. Дээрх компанийн Худалдан
авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор асан Б.Отгонжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, хоёр жил зургаан сар хорьж, 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураах нэмэгдэл ял оноосон.
Т.Аюурсайханы шадар туслах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдож байсан И.Даваадоржийг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил хорихоор болж, 400 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг хураахаар шийдвэрлээд байсан билээ.