Шинжлэх ухааны гол ололт амжилтуудыг нэрлэжээ

оруулсан Алсын Хараа

“Science” сэтгүүл шинжлэх ухааны ертөнц дэх энэ оны хамгийн чухал ололт амжилтуудыг нэрлэлээ.

Тус сэтгүүлийн редакц ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх “Ленакапавир” тарилгыг оны гол нээлтээр нэрлэжээ. Шинэ механизм бүхий уг тарилга нь ХДХВ-ийн халдвараас маш сайн сэргийлдэг болохыг туршилтын дүн харуулсан байна.

“Ленакапавир”-ыг онцолсон шалтгаан нь энэхүү тарилга өндөр үйлчлэлтэйгээс гадна ХДХВ-ийн капсид уургийн бүтэц, үйл ажиллагааны талаарх шинэ ойлголтыг нээж өгчээ. Шинжлэх ухааны ололт амжилтуудын энэ оны жагсаалтад мөн дархлааны тогтолцоо нь эд, эрхтнүүд рүү халдаж, архаг үрэвсэл, гэмтэл үүсгэдэг өвчин буюу аутоиммун өвчний CAR-T эсийн эмчилгээ, “Жеймс Уэбб” огторгуйн дуран авайгаар хийсэн анхны галактикуудын үүслийн механизмын талаарх нээлт, РНХ-д суурилсан пестицидийн шүршигч зэргийг оруулсан байна.

“Science”-ийн мэргэжилтнүүд мөн шинэ төрлийн соронзон чанар, Хятадаас олдсон 1.6 тэрбум жилийн настай маш жижиг хэмжээтэй, замагтай төстэй чулуужсан олдворууд, тив үүсэх үйл явцтай холбоотой гэгдэх мантийн долгионы онолыг онцолсон байна.

Түүнчлэн “Starship” сансрын хөлгийн нислэг, олон мянган жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн ургийн модыг сэргээх боломжийг олгосон ДНХ-ийн нээлтийг оны амжилтаар нэрлэжээ. Эмори их сургуулийн (АНУ) эрдэмтэд “Ленакапавир” тарилгын эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шат дууссан тухай энэ сарын эхээр мэдээлсэн юм. ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх уг тарилга нь халдвар авах эрсдэлийг 99 хувь бууруулдаг болохыг туршилтын үр дүн харуулжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл бичих