“Сангийн яам шилэн дансны цахим хуудсыг шинэчилж, орон даяар хэрэглээнд нэвтрүүлсэн” гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ сарын 24-ны хуралдаанд оролцох үеэр мэдээллээ.
Тухайлбал, төсөв санхүүгийн үйл ажиллагаанд ашиглаж буй бусад томоохон системтэй холбож, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн, цахим хуудсанд оруулах мэдээллийн 60 гаруй хувийг автоматжуулсан байна. Ингэснээр төсвийн байгууллагын мэдээлэл оруулах үүрэг бүхий албан хаагчдын ажлын ачаалал буурч, цаг хугацаа хэмнэгдэж, мэдээллийн үнэн зөв байдлыг нэмэгдүүлсэн аж. Шилэн дансыг хөтөлж буй байдалд хийсэн үнэлгээний дүнгээр, төсвийн ерөнхийлөн захирагчдын шилэн дансны хөтлөлтийн дундаж 2021 онд 96,2 хувь, 2022 онд 96.0 хувь, 2023 оны байдлаар 95.2 хувьтай тус тус үнэлэгдсэн байна. Энэ оны 11 дүгээр сарын байдлаар шилэн дансны хөтлөлт 96,5 хувьтай гарчээ.
Түүний дараа Сангийн яамны Санхүүгийн мэдээлэл, технологийн хэлстийн дарга Б.Лхагва-Очир шилэн дансны цахим хуудас буюу shilendans.gov.mn сайтын талаар танилцуулав. Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, саналаа хэлсэн юм. Төрийн байгууллагууд иргэдэд мэдээллээ хүргэхийн тулд танилцуулга, сурталчилгааг хэрхэн зохион байгуулж буй тухай гишүүд асуусан. Ажлын хэсгээс, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд иргэдэд мэдээлэл авах аргачлалын талаар мэдлэг олгоход анхаарч ажиллана. Үндэсний аудитын байгууллагаас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх заалтыг баримтлан ажиллаж байна. Хуулийг хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах зөвлөмжийг 1024 байгууллагад, зөрчил арилгуулах албан шаардлагыг 684 байгууллагад, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлагыг 56 байгууллагад хүргүүлж ажилласан гэлээ.
Үндсэн хуульд зааснаар иргэний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-нд баталсан. Энэхүү хуулийн 8 дугаар зүйлд төрийн 5 ангиллын 68 төрлийн мэдээллийг нээлттэй байлгахаар заасан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.4 дэх хэсэгт мэдээлэл хариуцдаг нь төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх 28 төрлийн мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгахаар заасан бөгөөд нарийвчилсан харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулахаар тусгажээ.