Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн дахиад нэг албан тушаалтныг цагдан хорилоо

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлагуудын албан тушаалтнуудыг АТГ-ынхан саатуулан шалгасаар байна. Нийслэлийн хөрөнгө
оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Цэдэнсодномыг өнгөрсөн сарын сүүлчээр баривчилсан билээ. Нэр бүхий иргэн, аж ахуйн
нэгжүүдээс удаа дараа их хэмжээний хахууль авсан, өндөр үнэтэй амины орон сууц захиалж, “Мерседес бенз” загварын автомашин худалдан авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг бодитой тайлбарлаж чадаагүй хэмээн түүнийг шалгаж буй юм.
Тэгвэл уржигдар нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн бас нэг албан тушаалтныг саатуулан шалгаж эхэллээ. Хуучнаар Хотын стандарт,
хяналтын газар буюу өнөөгийн Нийслэлийн хяналт, шалгалтын газрын Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга
О.Оджаргалыг бусдаас хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт саатуулсан гэх мэдээлэл байна. Барилга байгууламж
ашиглалтад хүлээн авахтай холбоотойгоор бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн түүнийг буруутгасан гэнэ. Бидний авсан
мэдээллээр Нийслэлийн хяналт, шалгалтын газрын Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга О.Оджаргал өөрийн болон
хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр цөөнгүй үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байгаа нь хахуулиар авсан байж болзошгүй хэмээн мөрдөн шалгаж
буй аж.
Хуучнаар Хотын стандарт, хяналтын газрын албан тушаалтнуудтай холбоотой хэд хэдэн үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, заримд
нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон. Тодруулбал, Хотын стандартын газрын дарга С.Төмөрдулам, тус газрын Барилга байгууламжийн ашиглалт бүртгэлийн ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуян, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хэлтсийн дарга асан
Т.Эрдэнэтуяа, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн зэрэг хүнийг АТГ-т шалгаж, Ц.Тогтохбуянгийн холбогдсон
үйлдлийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон билээ.

Сэтгэгдэл бичих