Боловсролын яамнаас цэцэрлэг, сургууль карентилах нөхцөл үүсээгүй тул сурагчдын амралт, хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт орохгүй гэдгийг мэдээллээ. Цахимаар хичээллэх саналыг Эрүүл мэндийн яамнаас санал гаргаж, өвчлөл өндөр байвал зөвхөн бага ангийн сурагчид гэлтгүй нийгэмд хариу арга хэмжээ авдаг. Одоогоор ийм шийдвэр гараагүй гэсэн юм.
Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өгөхдөө "2023 оны долдугаар сарын 7-нд УИХ-аас Боловсролын багц хуулийг баталсан. Нэн ялангуяа Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн тавдугаар зүйлд хичээлийн шинэ жил хэзээ эхлэх вэ, хэзээ дуусах вэ энэ хугацаанд бага, дунд, ахлах анги хэдэн хоногийн хичээл сургалтыг зохион байгуулсан байх вэ гэдгийг нарийвчлан зааж өгсөн. 2023-2024 онд бид хичээлийн бүтцээ дөрвөн улиралтай байхаар баталсан. Энэ хугацаанд гурван удаагийн улирлын амралт таарч, өвлийн амралт богино хугацаатай тавигддаг. Өнгөрсөн хичээлийн жилд хоёрдугаар улирлын амралт нэгдүгээр сар гарч байж хүүхдүүд амрахаар тавигдсан. Үүнээс шалтгаалан өнөөдрийнх шиг хүйтрэл, түгжрэл, утаа гэсэн асуудлаас болж хувь хүмүүс байр сууриа илэрхийлж, хичээл сургууль хаах асуудлыг тавьсан. Тийм учраас нөхцөл байдлыг харгалзан үзэж, хичээлийн жилийн бүтцэд энэ жил өөрчлөлт оруулсан.
Ингэхдээ гурван улиралтай байхаар зохицуулж, бие даалт, цахим хичээлийн агуулгыг нарийвчлан зааж өгсөн. Хэрэв ийм зохицуулалт хийгээгүй бол сурагчид дөрвөн долоо хоногийн дараа амарч, ханиад томуугийн нөхцөл хүндрэх байсан.
Эрүүл мэндийн яам, Боловсролын яам томуу, томуу төст өвчний мэдээллийг солилцож байгаа. Нийт долоон аймаг томуу, томуу төст өвчлөлийн идэвхжилийн түвшинд, Улаанбаатар болон 13 аймагт томуугийн өвчлөл алаг цоог буюу идэвхжилийн дараагийн түвшинд, улсын хэмжээнд ганцхан Дархан-Уул аймаг улаан түвшинд шилжсэн байгаа. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд хичээл сургалтын өдрүүдээс бусад үед спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Эрүүл мэндийн яамны тогтоол, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах бөгөөд өнөөдрийн байдлаар сурагчдыг цахимаар хичээллүүлэх буюу карентилах нөхцөл үүсээгүй" гэв.
Мөн ирэх долоо хоногоос хуваарийн дагуу нэг, хоёрдугаар ангийн сурагчид амарч эхлэх бол дараагийн долоо хоногоос нь гурваас тавдугаар ангийнхан амарна. Харин ахлах ангийн сурагчид цахимаар хичээллэх юм.