Үндэсний шигшээ багийнхан 2024 онд 79 медаль хүртжээ

оруулсан Алсын Хараа

Монголын үндэсний шигшээ багийн тамирчид зуны олимп, паралимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн арвин ургац хураажээ.

Үндэсний шигшээ баг өвөл, зуны спортын 26 төрөлд нийт 334 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна. Тодруулбал, 270 тамирчин, 60 дасгалжуулагч, дөрвөн эмч ажиллаж байгаа юм. 2024 онд дөрвөн жилд нэг удаа тохиох зуны олимпын наадмаас гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгө, паралимпын наадмаас хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга, хөдөлмөрийн баатар Э.Содномпэлжээ нар мөнгөн медаль хүртсэн нь энэ оны онцлох амжилт байлаа. Б.Баасанхүүгийн хувьд энэ онд олимпоос мөнгө, ДАШТ-ээс алт, Азийн АШТ-ээс алт, “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн онцгой амжилтын эзэн болов.

Монголын үндэсний шигшээ багийнхан энэ онд олимп, паралимпээс тав, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нэг алт, нэг хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, залуучуудын ДАШТ-ээс нэг алтан медаль хүртэв. Цаашлаад Азийн АШТ-ээс таван алт, 11 мөнгө, 16 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс нэг алт, Их дуулга”-аас нэг алт, таван хүрэл, гранпри тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн байна.Мөн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнээс таван алт, долоон мөнгө, нэг хүрэл, Дэлхийн цомоос гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд 79 медаль авсны 21 нь алт, 26 нь мөнгө, 32 нь хүрэл юм.

Сэтгэгдэл бичих