Шатрын дэлхийн аварга цолны төлөөх халз тоглолтын 14 дэх өрөгт Энэтхэгийн их мастер Доммаражу Гукеш 58 дахь нүүдэл дээр Хятадын шатарчин, дэлхийн аварга Дин Лижэнийг хожлоо.
Сүүлчийн 14 дэх өрөгт Дин Лижэн цагаанаар, Гукеш хараар тоглосон бөгөөд Энэтхэгийн шатарчин хожсоноор нийлбэр дүнгээр 7,5:6,5 гэсэн онооны харьцаагаар Хятадын их мастерыг илүүрхэж, дэлхийн 18 дахь аваргаар тодорч байна.
Өдгөө 18 настай Гукеш түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болсноос гадна 9 дүгээр сард Энэтхэгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдүгээр ширээнд 10 өрөг тоглосноос 9 оноо авч, Дэлхийн шатрын Олимпиадад аваргалжээ. Мөн Вишванатан Анандын дараа Энэтхэгээс төрж буй хоёрдахь дэлхийн аварга юм. Харин өдгөө 32 настай Хятадын их мастер Дин Лижэн дэлхийн аварга цолоо хамгаалахын төлөө тоглолоо. Тэрбээр өнгөрсөн онд Оросын шатарчин Ян Непомнящийг хожсоноор дэлхийн аварга болсон билээ.
Энэ удаад хоёр шатарчин сонгодог шатрын дүрмээр 14 өрөг тоглож, эхний 40 нүүдлийг хийхэд 120 минут, дараа нь 30 минут /нүүдэл бүрийн дараа 30 секундийн нэмэлт хугацаа/зарцуулжээ. Хэн нэг нь түрүүлж 7,5 оноо авсан тохиолдолд ялагчаар тодрох байсан бөгөөд оноо тэнцэх аваас 12 дугаар сарын 13-нд тай-брейк буюу түргэн тоглолтоор аваргыг тодруулах ёстой байлаа. Халз тоглолтын шагналын сан 2,5 сая доллар бөгөөд дэлхийн аварга болсон Д.Гукеш 1 сая 350 мянган ам.доллар, өрсөлдөгч Дин Лижэн 1 сая 150 мянган ам. долларын шагнал авч байна.
Шинэ аваргын товч намтар
Д.Гукеш 2006 оны 5 дугаар сарын 29-нд Энэтхэгийн өмнөд нутгийн Тамилнад мужийн Ченнай хотод төржээ. Төрөлх хотынхоо "Виламмал Видьялайя" дунд сургуульд сурч байхдаа 7 настайгаасаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2010-аад оны дунд үеэс Ази тивийн хүүхдийн тэмцээнд амжилттай оролцож байв.
Улмаар 2018 онд Испанийн Сантьяго-де-Компостела хотод болсон 12 хүртэлх насны хүүхдүүдийн ДАШТ-нд түрүүлсэн байна. 2019 оны нэгдүгээр сарын 15-нд 12 нас 7 сар 17 хоногтой байхдаа Гукеш их мастер цолны болзлыг биелүүлж байв.
2022 оны 8 дугаар сард Ченнай хотод болсон Дэлхийн шатрын олимпиадад Энэтхэгийн хоёрдугаар шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцож, хүрэл медаль хүртжээ. Улмаар энэ оны 9 дүгээр сард Будапешт хотод болсон Дэлхийн шатрын олимпиадад аваргалсныг дээр дурдсан билээ. Энэ оны 4 дүгээр сард тэрбээр Канадын Торонто хотод болсон дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээнд 9 оноо авч түрүүлсэн юм. Ингэснээр 17 настай Гукеш аваргын төлөө өрсөлдөх хамгийн залуу шатарчин болж байв.
Б.Адъяахүү