"Монгол хаан" жүжгийг 2025 онд Японд тоглоно

оруулсан Алсын Хараа

Сингапурын "Марина Бэй Сэндс" театраас Азийн аялан тоглолтоо эхлүүлээд буй “Монгол хаан” жүжгийг Япон Улсад ирэх онд албан ёсоор тоглохоор болжээ.

Тус жүжгийн баг Японы соёлын тэргүүлэх компаниудын нэг Tremendous Entertainment Japan компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2025 оны сумогийн Аки, Кюшү башё хоёрын дундуур Токио хотод 10 дугаар сарын 10-20-нд, Нагояа хотод 24-26-нд тоглох юм.

Олон улсын театрын урлагийн 50 гаруй мэргэжлийн шүүмжлэгч, дэлхийн тэргүүлэх хэвлэлүүдээс 4-5 одын үнэлгээ авсан энэхүү жүжгийн Япон дахь тоглолтын Монгол талын продюсерээр Монгол Улсын Соёлын элч, жүжигчин, мисс А.Баярцэцэг, М.Есөнмөнх, Рюүо Э.Санчирболд ажиллах бол Япон талын продюсерээр Tremendous Entertainment Japan компанийн ерөнхий захирал Масаюүки Сузуки, Токио хотын аялан тоглолтыг Sunrise Productions Tokyo, Нагояа хотын аялан тоглолтыг Chukyo TV хариуцан хамтран ажиллах аж.

“Монгол хаан” жүжгийг 2023 онд Лондон хотын Колизум театрт 17 удаа тоглож, 42 мянга гаруй үзэгчид толилуулсан бол энэ онд жилд 45 сая хүн зочилдог Сингапурын Марина Бэй Сэндс театрт 22 удаа тоглож, 30 мянга гаруй үзэгчид хүргэжээ. Энэхүү жүжгийн Сингапур дахь тоглолтыг АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали, Малайз зэрэг олон улсын 10 орчим продюсинг компаниуд ирж үзсэн байна.

Тус жүжгийн уран бүтээлчид Японд тоглох бэлтгэл ажлын хүрээнд саяхан сурталчилгааны зураг авалтаа Фүжи уул, Токио, Нагояа хотод хийсэн бол “Монгол хаан” комик номын япон хувилбарыг хэвлүүлж, Японы зах зээлд нэвтрүүлэх ажлыг эхлүүлжээ.

Сэтгэгдэл бичих