Японы нийслэл Токио хотод “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн энэ сарын 7, 8-нд болно.
Олон улсын жүдо бөхийн холбооны 2024 оны хуваарьт багтсан отгон “Их дуулга”-д 48 орны 300 гаруй жүдоч оролцохоор мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй 11 тамирчин зодоглохоор удахгүй арлын орныг зорих гэж байна. Ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатарын хувьд шигшээ багаа удирдан анхны олон улсын тэмцээндээ оролцох гэж байгаа нь энэ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д А.Энхбаяр, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцох юм. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Т.Анударь, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар зодоглох ажээ.
Дашрамд сонирхуулахад, Монголын жүдо бөхийн насанд хүрэгчдийн баг 2024 онд таван алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал, олимпын наадмаас нэг мөнгө, ДАШТ-ээс нэг алт, нэг хүрэл, ААШТ-ээс гурван алт, гурван мөнгө, таван хүрэл, “Их дуулга”-аас нэг алт, нэг мөнгө, таван хүрэл, гранпри тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртжээ.