Техникийн үзлэгт ороогүй, татвар төлөөгүй, торгуультай машиныг хязгаарлана

оруулсан Алсын Хараа

Тээврийн цагдаагийн албанаас ирэх сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг хязгаарлаж, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгээ мэдэгдэв.

2024 оны эхний сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159 мянган тээврийн хэрэгсэл байгаагийн 99 мянга нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас 231 мянга нь нийслэлд бүртгэлтэй байна. Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355 мянган тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.

Тиймээс түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд ирэх сарын 1 буюу ням гарагаас техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлахаар болжээ.

Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн байна. 2030 он гэхэд нийслэлийн хүн ам хоёр сая хүрэх тооцоолол гарсан. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүссэнийг албаныхан тайлбарлалаа.

Сэтгэгдэл бичих