Д.Энхтүвшингийн улс төр Танхимыг талцуулж гурав хуваажээ

оруулсан Алсын Хараа

МҮХАҮТ-ыг Худалдаа аж үйлдвэрийн 3 дугаар зүйлд Танхимын тухай ойлголтыг “Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийг төлөө бус хуулийн этгээд мөн” гэж тодорхойлсон. Улс төрөөс ангид бөгөөд аж ахуйн нэгж байгууллагуудын эрх ашгийг хамгаалдаг байгууллага гэсэн үг.

Гэвч сүүлийн үед Танхим улс төрийн нөлөөнд эрчтэйгээр оржээ. Энэ нь Танхимын одоогоор хүчин төгөлдөр ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын гишүүн болсноос үүдэлтэй гэж захирлууд харцгааж байна. Энэ сацуу “Танхим ийм замбараагүй байдалд хэзээ ч орж байгаагүй бөгөөд түүхэндээ ийм дотоод хагарал үзээгүй. Д.Энхтүвшин ажилтайгаа зууралдаж “Топ-100”-ийн шалгаруулалтыг хүртэл бүтэн жил гацаалаа” гэх захирал нэмэгдсээр байна. Тэгээд “Улс төр яагаад Танхимд ороод ирчихэв” гэдгийг захирлууд өөр хоорондоо дүгнэн ярилцах болжээ. Үүнийг хоёр шалтгаантай холбож байна.

Нэг дэх нь, Д.Энхтүвшин Танхимын ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөлгүй үргэлжлүүлээд УИХ-ын гишүүний албан тушаалтай хавсран хийгээд байх сонирхолтой холбоотой юм байна. Гэтэл 2024 оны арваннэгдүгээр сарын 23-нд Танхимын шинэ ерөнхийлөгчийг сонгоно. “Таван богд”-ын Ц.Баатарсайхан дараагийн ерөнхийлөгч болох магадлалтай. Ц.Баатарсайхан ерөнхийлөгч болох нь Д.Энхтүвшингээс гадна Танхимд өнөөг хүртэл нөлөөтэй явж ирсэн аж ахуйн нэгжийн захирлуудад таалагдахгүй байгаа. Зарчим, байр суурийн зөрүүтэй гэсэн үг.

Хэрэв Ц.Баатарсайхан сонгогдвол Танхимын дансанд байсан мөнгийг самрын бизнест оруулсан. Мөн night club тохижуулахад зарцуулсан зэрэг асуудлууд гарч ирнэ. Гэхдээ эдгээрийг Танхимын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ажлын албаны хүмүүс нь дэлгэж тавихаар бэлдэж байгаа тухай захирлуудын дунд яригдаж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Танхимын санхүүжилт, түүний эх үүсвэрийн талаар 1.Танхимын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

1/гишүүний татвар;

2/иргэд, байгууллагын хандив;

3/үйлчилгээний орлого.

2.Танхим нь ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулахгүй боловч Иргэний хууль, энэ хуульд заасан буюу дүрмийнхээ зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэнэ.

3.Танхимын үйлчилгээний хөлсний хэмжээг танхимын саналыг үндэслэн Сангийн сайд, Худалдаа үйлдвэрийн сайд хамтран тогтооно гэсэн. Мөн 12 дугаар зүйл. Танхимын эд хөрөнгийн хариуцлага

1.Танхим нь өөрийн эд хөрөнгийн хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

2.Танхим гишүүдийнхээ бусдын өмнө хүлээх үүргийг, гишүүд танхимын хүлээх үүргийг тус тус хариуцахгүй гэж заасан байдаг. Яригдаж буй асуудлууд баттай болоод явчихвал энэ хуулиас хальж Эрүүгийн хуулиар ч шийдэгдэх магадлалтай.

Харин Д.Энхтүвшин өнөөдрийг хүртэл эдгээрийг хөндөлгүй явж ирсэн. Тиймээс одоогийн Танхимын улирдах багийн цөөнгүй хүн түүнийг дэмжсээр байна. Энэ дээр нэмээд Д.Энхтүвшин Танхимыг бүхэлд нь хөдөлгөхөөр

“Намайг дэмжиж хэвлэлийн хурал хийгээч” гэж viber групп чат дээр хүмүүсээр бичүүлээд байгаа. Мөн тэрээр П.Цагааны хүүгийн хамт ШангриЛа-д nught club ажиллуулдаг. Тэндээ захирлуудыг цуглуулж “Танхимаа өгөхгүй” гэдэг lobby-g хийх болсон. Эдгээрт нь Танхимын Удирдах зөвлөлийн зарим гишүүн эгдүүцэж байна. Тэд “Танхимыг Д.Энхтүвшингийн улс төрийн байгууллага болгохгүй” гэх болжээ.

Энэ бүхнээс болоод өнөөдөр Танхимынхан “Д.Энхтүвшинг дэмжигчид”, “Д.Энхтүвшинг эсэргүүцэгчид”, “Хэн нь дийлэхийг хөндлөнгөөс ажиглагчид” гээд гурав хуваагдчихлаа.

Хоёр дахь шалтгаан нь улс төртэй шууд холбоотой. Д.Энхтүвшин Танхимын ерөнхийлөгчийн ажлаа өгөхгүй гэхээр Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийг зөрчөөд байгаа.

Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1-т “УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан.

Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээс өөр давхар ажил эрхэлж болдоггүй хуультай. Хэрвээ хуульд зааснаас бусад хориглосон албан тушаал хашиж байгаа хүн УИХ-ын гишүүнээр сонгогдвол тангараг өргөхөөсөө өмнө уг албан тушаалаас болих ёстой. Бас л хуульчилсан. УИХ-ын тухай хуульд “43.1.Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараахь ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:

43.1.1.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;

43.1.2. Улс төрийн намын сонгуульт албан тушаал;

43.1.3. Багшлах болон эрдэм шинжилгээний ажил;

43.1.4. Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын гүйцэтгэх удирдлагаас бусад үндсэн чиг үүрэгтэй нь холбоотой сонгуульт албан тушаал.

43.2.Гишүүн УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 43.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүний тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна” гэсэн байна. Хуулиараа Д.Энхтүвшин УИХ-ын гишүүний тангараг өргөхөөсөө өмнө Танхимын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх ёстой байсан. Тэр утгаараа хууль зөрчөөд дөрвөн сар гаруй болчихож байна.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар энэ хуулийн зөрчлийг тоолгүй эс үйлдлээр өнгөрөөсөөр өнөөдрийг хүрсэн. Тэднээс хуулийг хэрэгжүүлэх талаар хүлээгээд нэмэргүй. Учир нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө Д.Энхтүвшинг намынхаа list-д бичиж УИХ-д оруулж ирсэн. Харин Шанхайд айлчлах үеэр нь нэгэнт батлагдаж буй төсвийг шүүмжлээд гарч ирсэн нь Л.Оюун-Эрдэнэ Танхимын дараагийн ерөнхийлөгчөөр Ц.Баатарсайханыг дэмжсэнд шаралхаад байгаа гэх. Гэвч энэ нь улс төр талаасаа МАН-д сайнгүй нэр авчирч байна. Нам дотор нь ч тийм уур амьсгалтай. 2028 оны сонгуульд Д.Энхтүвшин шиг иргэний нийгмийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүдийг list-ээр дэвшүүлэхэд хүндрэлтэй болов. Хэрэв Л.Оюун-Эрдэнэ 2028 онд ийм санаачилга дахин гаргавал МАН-ынхан эсэргүүцэх суурь тавигдсан байна. Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн list-нийхэн ийм байдлаар оноо алдсаар байна. Тэгэхээр МАН-ын генсек Я.Содбаатар санал гаргаж, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар дэмжвэл Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээс эргүүлэн татагдана. Өөрөөр хэлбэл, Д.Энхтүвшинд Танхим нь хэрэгтэй гэвэл УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж таарах нь. Энэ дээр нэр дурдсан дарга нар хийгээд Д.Энхтүвшингийн сонголт. Харин энэ улс төрөөс улбаатай Танхимын талцал хуваагдал нь хэрхэх бол доо?

Ажиглагч А.Батболд

Сэтгэгдэл бичих