Монгол Улс дэлхийн инновацын индекс – 2024 тайланд олон улсын патент, венчур хөрөнгө оруулалт, 5G , цахилгаан тээврийн хэрэгсэл зэрэг статистик мэдээлэл дутмагийн улмаас 133 орноос 67 дугаар эрэмбэлэгджээ.
Дунджаас доогуур орлоготой 38 орноос 7 дугаар, Зүүн өмнөд Ази, Зүүн Ази, Номхон далайн бүсийн 17 орноос 13 дугаар байранд жагссан байна. Статистикаас харахад инновац шингээх тал дээр Монгол Улс 2023 оныхтой харьцуулахад 5 байр ухарсан бол инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ дээр 9 байр урагшилжээ.
Дэлхийн инновацын индекс – 2024 тайланг шинжлэх ухаан ба инновацын хөрөнгө оруулалт зэрэг үзүүлэлтээр гаргасан байна. Манай улсын шинжлэх ухааны нийтлэлүүд гаргасан үзүүлэлт 2022–2023 онд 0.4 хувь, 2013–2023 онд 9.7 хувиар нэмэгдсэн бол судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалт 2021–2022 онд 10.6 хувиар, 2012–2022 онд 5.9 хувиар багасжээ. Харин венчур хөрөнгө оруулалт, 5G, цахилгаан тээврийн талаар ямар нэгэн статистик илгээгээгүй бол 2022-2023 онд олон улсын патентын өргөдөл гаргаагүй аж.
ЦХИХХЯ-наас манай улсад 5G -г нэвтрүүлэх тендерийг даруй зарлах, олон улсын статистик тайлан гаргадаг байгууллагатай холбогдож, статистик дата мэдээллээ илгээдэг байх үүрэг, чиглэлийг Харилцаа холбооны зохицуулах хороонд өгснийг тус яам мэдээллээ.