Японы Токио хотын бүс нутгуудад коронавирусын халдварын тохиолдол олноор нэмэгдсэнтэй холбогдуулан тархалтыг хязгаарлах үүднээс Токио, Осака болон өөр таван мужид онцгой байдал тогтоолоо гэж тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо мягмар гарагт мэдэгдлээ. Ирэх тавдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний дагуу мужийн захирагчид гэртээ байх зааврыг оршин суугчдадаа өгөхөөс өгсүүлээд сургуулиуд болон бусад газрын үйл ажиллагааг хязгаарлах зэрэг урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой болсон хэдий ч дагаж мөрдөөгүй тохиолдолд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй ажээ.
Японд иргэдийн эрх, эрх чөлөөг зарим талаар хязгаарлаж болзошгүй ийм төрлийн арга хэмжээг анх удаа зарлаж буй нь энэ боловч халдвар хамгийн их тархсан Хятад, Франц зэрэг улсад тогтоосонтой ижил хатуу хөл хорио биш юм. “Бид халдвар хурдацтай өргөн хүрээг хамран тархаж болзошгүй нөхцөл байдалд байна. Энэ нь хүмүүсийн амь нас болон эдийн засагт ноцтой хохирол учруулж болзошгүй юм” гэж Абэ Шинзо мэдэгджээ.
Токио, Чиба, Канагава, Сайтама, Осака, Хиого, Фүкүокагийн 56 орчим сая оршин суугч буюу Японы хүн амын 45 орчим хувийг онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг хүссэн байна. Үүнд хүнсний дэлгүүр орох, эмнэлэгт очих, ажилдаа явах хамаарахгүй ажээ. Гэсэн хэдий ч халдвар тархах эрсдэлийг бууруулах үүднээс шөнийн цэнгээний газар, караоке, амьд хөгжмийн клубт очихгүй байхыг иргэдэд уриалах аж. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх боловч дээр дурдсан мужуудаас гарч, бусад бүс нутаг руу зорчихгүй байхыг Абэ Шинзо оршин суугчдаас хүссэн байна.
"Токиод одоогийн байдлаар халдварын 1100 гаруй тохиолдол бүртгэгдсэн хэдий ч энэ байдлаар цаашид нэмэгдвэл хоёр долоо хоногийн дотор 10 мянга, сарын дотор 80 мянга хүрэх төлөвтэй байна. Харин хүмүүс хоорондын хавьтлыг 80 хувиар бууруулснаар халдварын оргил үе хоёр долоо хоногийн дотор эхэлж, цаашид буурах хандлагатай байна" гэж Ерөнхий сайд мэдэгджээ.
Японд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 4800 хүрсэн бөгөөд үүнд өнгөрсөн хоёрдугаар сард Токио хотоос холгүй тусгаарласан “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр халдвар авсан 700 гаруй хүнийг оруулжээ. Тус улсад халдварын улмаас нийт 108 хүн нас барсан байна.
ТОКИО. /Kyodo/