Б.ГАРЬД
Улиг болсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт ажил хэрэг болж магадгүй талаар сүүлийн үед сүрхий яригдаж байна.
Уг нь 14 жилийн өмнө эхлээд аль эрт холбочих байсан боомт л доо. Хятадын тал ч төмөр замаа хил дээр авчирсан. Гэвч манай төмөр зам гацчихсан. Өргөн, нарийн цариг дээр маргасаар олон жилийг авсан. Тэгж тэгж үүнд ихээхэн анхаардаг этгээдийн хүсэл болсон цариг бүхий төмөр зам тавьсан. Тэр төмөр замын зардал зарцуулалт гэж бөөн будилаан болоод үлдсэн. Энэ яахав, хэзээ нэг өдөр шийдэгдэнэ. Хэдий хэмжээний өртөг хөрөнгийг хэрхэн яаж зарцуулсныг нь Монголын хууль хяналтынхан тогтоох өдөр ирнэ.
Угтаа ингэж гацаасаар, тодруулбал, тухайн үеийн Зам, тээврийн сайд Х.Баттулга “…Өргөн цариг байх ёстой. Тэгэхгүй бол хятадууд танк ачаад ороод ирнэ” гэсээр энэ төмөр замын бүтээн байгуулалт, хил холболт саатсан байдаг. Ингэж хэлээд олон нийтэд нөлөөлсөн нь бас л хачирхалтай байдаг юм. Ямар сайндаа Монгол Улсын зөвлөх инженер Д.Дамба ердөө өнгөрсөн жил “…Тавантолгой-Гашуунсухайт хүртэлх төмөр замын царигийг тухайн үеийн Засгийн газар шийдээд УИХ-аар хэлэлцүүлээд болно гэсэн хоёрдмол утгатай заалт байсан. Гэвч энэ заалт хэрэгжихгүй явсаар 2012 онд УИХ-ын тогтоол гарсан. Тэр тогтоол дээр Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Тухайн үед Н.Алтанхуягийн Засгийн газар байлаа. Гэвч Н.Алтанхуяг хэрэгжүүлж чадаагүй. Ямар нэгэн байдлаар эсэргүүцэгч нар нөлөөлсөөр байгаад саяхныг хүргэсэн. УИХ-ын 2012 оны тогтоолыг бүр 2020 оны тавдугаар сард хүчингүй болгуулсан. Түүнийг хэн ч бараг мэддэггүй. Тэгээд нарийн царигаар бариагүйгээс Монгол Улс эдийн засгийн маш их боломжийг алдсан. Одоо ч алдаж байгаа. Тэр үед Зам тээврийн сайд байсан Х.Баттулга “…Өргөн цариг байх ёстой. Тэгэхгүй бол хятадууд танк ачаад ороод ирнэ” гэж ярьж байсан. Монголчууд яагаад түүнд итгэснийг би ойлгохгүй байгаа” гэж ярьж байх вэ дээ.
Энэ нь Монголд алдагдсан боломж болсноос гадна Хятадын тал ч алдсан талаар манай төр засгийн удирдлагуудыг очих тоолонд хэлдэг. Үндсэндээ өртөг зардал гаргаж, төмөр замаа хил дээр авчирчихаад 10 гаруй жил болж байгаа юм. Хятадын талаас Гашуунсухайт-Ганцмодны хил холболтыг “Чайна энержи” компани нь хариуцдаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг энэ компанийн талаар “… “Чайна энержи” бол дэлхийд нэгдүгээрт бичигдэх эрчим хүч үйлдвэрлэгч компани. Энэ компанийн өөрийнх нь төмөр зам нь хүртэл Гашуунсухайт-Ганц мод орчимд ирчихсэн. Энэ компани бид нарт бодитой санал тавиад хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Гэхдээ санамж бичиг төдий биш гэрээний түвшинд ажиллах бизнесийн ашигтай саналаа хоёр талаасаа хэлэлцээд явж байна. Энэ компанийн хөрөнгө оруулалт бидэнд ус агаар шиг хэрэгтэй. Гол нь Монголын талд ашигтай, хэт нэг талдаа давуу байдал олгоогүй хэлэлцээр хийх ёстой. Хийх цаг нь ч болчихсон. Үүний ард Хятадын төр засгийн дэмжлэг бий. Манай ард ч Монголын төр засаг бий. Тэгэхээр хамтарч ажиллах боломжтой. Бид Оюутолгой шиг муу гэрээ хийж асуудал дагуулахгүйн тулд анхнаасаа гадны зөвлөхүүдийг ажиллуулж байна. Хэрэв нэг зөв замдаа орчихвол энэ төсөл цаашдаа 200-300 жил монголчуудыг тэжээж тэтгээд явчихна" гэж 2019 онд ярьж байв.
Үнэхээр ч тэдний зүгээс манайд албан ёсоор олон удаа хэд хэдэн санал тавьж, судалгаа шинжилгээ хийж явсан ч бүтэлтэй болоогүй байдаг. Тэр байтугай ТЭЗҮ хийсэн ажлууд нь ч гацаад нурсан. “…Монголын Засгийн газар, төрийн удирдлагууд байн байн солигддог. Шинээр сонгогдсон, томилогдсон дарга нар нь өмнөхийг үргэлжлүүлэхийг хүсдэггүй, огт өөр хувилбар санал болгодог. Ийм нөхцөлд хамтарсан төсөл урагшлах боломжгүй” гэж хэлж байсан удаатай.
Тэгвэл Хятадын “Чайна энержи” компаниас манайд саяхан албан захидал илгээжээ.
Түүндээ хэд хэдэн чухал “санал” дайжээ.
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувь эзэмших саналаасаа татгалзаж байна.
2. Заавал нарийн царигаар холбох ёстой гэдэг шаардлагаа татаж авлаа.
3. Тухайн үед хоёр улсын Ерөнхийлөгч нар тохирч, манай улс хөрөнгө оруулалт хийсэн ч олон жилийн туршид алдагдал хүлээсэн.
4. Монголын тал дангаараа шийдэж, үр дүнд нь манай улс алдагдал хүлээж, хохирол амссан асуудлаар хоёр улсын холбогдох байгууллагууд хэлцэл хийх нь зүйтэй байна.
5. Тэрхүү хэлцлээр тохирсон зүйлийг танай УИХ зөвшөөрсөн тохиолдолд бид алдагдлаа нэхэмжлэхгүй, төслийг үргэлжлүүлэн дуусгаж хилийг холбох шийдэлд хүрээд байна.
Ийм утга агуулга бүхий захидал манай улсад илгээж, Засгийн газар хүлээн авчээ.
Эндээс харахад, одоо манайх дотроо учир зүйгээ олоод, Хятадын талтай тохирчихвол Гашуунсухайт-Ганцмодны хил холболт бэлэн болсон бололтой.
Нөгөөтэйгүүр, Хятадын тал “танк”-наас болж хүлээсэн алдагдлаа “тэг”-лэх саналыг манайд тавьсан байна. Харин манай улс дор хаяж 14 жилийн турш алдагдсан боломжоо хэнтэй, хэрхэн тооцох вэ?!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 31 (7455)