ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын цэргийн алба хаагчдыг Украины эсрэг дайнд оролцуулахаар Орос руу илгээсэн гэх мэдээлэлд анх удаа тайлбар хийлээ.
Тэрбээр Казань хотноо болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Умард Солонгосын цэргүүд Орост байгааг үгүйсгээгүй ч ямар зорилгоор ирснийг тодорхой хэлээгүй байна.
Америкийн NBC телевизийн сэтгүүлч В.Путинд асуулт тавьжээ. Умард Солонгосын цэргүүд Орост байрлаж байгааг хиймэл дагуулаас авсан зургууд харуулж байна гэж сэтгүүлч хэлээд "тэд энд юу хийж байгаа вэ? Энэ нь мөргөлдөөн улам хурцадсан гэсэн үг биш гэж үү?” хэмээн асуусан байна.
Энэ асуултад хариулахдаа, Путин "хурцадмал байдалд Орос улс хүргээгүй" хэмээгээд, Украинд 2014 онд болсон "төрийн эргэлт"-ийн талаар дахин дурдсан байна. Мөн Барууны орнуудыг Украины армийг зэвсэглэж, дэмжлэг үзүүлж байна гэж буруутгажээ.
Тэрбээр энэ зун Пёньянд БНАСАУ-тай байгуулсан “иж бүрэн стратегийн түншлэлийн тухай” хэлэлцээрийг өнгөрсөн пүрэв гарагт Төрийн Дум соёрхон баталсныг дурдсан байна. Уг гэрээнд талуудын аль нэгэнд "түрэмгийлсэн үед харилцан туслалцаа үзүүлнэ" гэсэн заалт бий.
"Тэнд 4-р зүйл бий" гэж В.Путин хэлээд "Пёньян бидний гэрээнд нухацтай хандаж байгаа" гэж нэмж хэлжээ. Гэрээний 4-р зүйлд "Хэрэв талуудын аль нэг нь нэг буюу хэд хэдэн улсын зэвсэгт халдлагын улмаас дайны байдалд орсон бол нөгөө тал нь НҮБ-ын Дүрмийн 51-р зүйл, БНАСАУ, ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу түүнд бүх арга хэрэгслээр цэргийн тусламж үзүүлнэ" гэж заасан байна.
"Энэ заалтын хүрээнд бид юу хийх, хэрхэн хийх нь бидний асуудал" гэж В.Путин хэлээд, Умард Солонгосын цэргийг Орос руу илгээсэн болон ямар зорилгоор илгээсэн талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Умард Солонгосын тал цэргээ Орост илгээж байгаа тухай Өмнөд Солонгос, Украин, АНУ өмнө нь мэдээлсэн юм.
Өмнөд Солонгосын тагнуулынхны мэдээлснээр, Пёньян Орос руу 12 мянган цэргээ илгээж магадгүй байна. Тэдний зарим нь өнгөрсөн долоо хоногт Оросын Алс Дорнод дахь баазуудад иржээ. Умардын цэргүүдийг байрлуулсныг Украины армийн эсрэг байлдааны ажиллагаанд оролцуулах Москвагийн төлөвлөгөөтэй холбоотой гэж Өмнөд Солонгосын эрх баригчид үзэж байгаа аж.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мөн Умард Солонгосын цэргийн алба хаагчид ОХУ-д байрлаж байгаа тухай мэдээлэл Вашингтонд байгаа, гэхдээ тэд ямар үүрэг даалгавар биелүүлэх ёстой талаар ямар ч мэдээлэлгүй байна гэж мэдэгджээ.