Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах, Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дээд хязгаарыг тогтоох шалгуур үзүүлэлтийг хангах зорилгоор ирэх сараас эхлэн нийслэлд хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр болжээ.
Тухайлбал, ирэх сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг албаныхан мэдээллээ.
Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарлалтыг 730 мянга байхаар тогтоосон байдаг. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлд 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Энэ нь түгжрэлийг нэмэгдүүлж, цаашлаад эдийн засгийн асуудалд нөлөөлж байна гэх дүгнэлт гарчээ.
Дугаар олголтыг хязгаарлах ажлын хүрээнд нийслэлд 10 жилээс дээш явсан, насжилт өндөртэй тээврийн хэрэгслийг хориглохоор болсон байна. Улаанбаатар хотод албан татвараа төлөөгүй 165 мянга гаруй авто машин байдаг нь нийслэл дэх нийт тээврийн хэрэгслийн 21 хувийг эзэлдэг аж.
Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 266 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 34 хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван авто машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг. Мөн олон чанартай авто зам ашигласан төлбөрөө төлөөгүй 510 мянган тээврийн хэрэгсэл байгааг албаныхан онцоллоо.