Японы автомашин үйлдвэрлэгчид болох “Honda”, “Nissan” компани цар тахлын улмаас автомашинуудын эрэлт буурсантай холбогдуулан олон мянган ажилтнаа түр чөлөөлөхөөр болжээ.
“Манай компани АНУ дахь үйлдвэрүүдийнхээ 18 мянга орчим ажилтнаа түр чөлөөлнө” гэж “Honda” компани мэдээлжээ. Тус компани өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс АНУ дахь найман үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоосон бөгөөд үүнийг ирэх тавдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлэх юм.
“Honda” ажилтнуудынхаа цалинг дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл хариуцах бөгөөд тус компанийн мэдээлснээр, үүний дараа ажилтнууд Засгийн газраас татаас хүсэх хэрэгтэй ажээ.
Мөн “Nissan” компани Испанийн Барселона гэх мэт хотууд дахь үйлдвэрүүдийнхээ 3000 орчим ажилтныг түр чөлөөлнө гэдгээ мэдэгджээ.
Цар тахал автомашин үйлдвэрлэгчдийг дэлхий даяарх үйлдвэрлэлээ түр зогсооход хүргэсэн бөгөөд ажлын байрнуудад ч мөн нөлөөлж болзошгүй байна.
ТОКИО. /NHK/