Монголбанкаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ сарын 10-ны өдрийн байдлаар 3385.87 төгрөг болж, 0.15 хувиар суларлаа. Харин оны эхнээс 0.7, өмнөх оны мөн үеийнхээс 2 хувиар чангараад байна.
Жил бүрийн есдүгээр сараас эхлэн өвлийн түлш, шатахууны нөөц бэлдэх, хэрэглээний барааны худалдан авахтай холбоотой импортын барааны эрэлт нэмэгддэг бол цаг агаараас үүдэн уул уурхай, мал аж ахуй зэрэг гадаад валютын орлого бүхий салбарын идэвхжил буурснаар валютын зах зээл улирлын шинжтэй хэлбэлздэг. Олон жилийн дундаж статистикаас үзэхэд төгрөгийн ханш сулрах дарамт хамгийн их байдаг нь 9 дүгээр сар юм. Энэ үзэгдэл энэ жил ч давтагдаж байна.
Экспортын орлого энэ оны эхний 9 сарын байдлаар өмнөх жилийн мөн үеийнхээс 4.3 хувиар, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой импортын дүн харгалзах хугацаанд 27.4 хувиар өсжээ. Макро эдийн засгийн хувьд нүүрсний экспорт их, алт, зэсийн үнэ олон улсын зах зээлд хэвээр байгаатай холбоотой гадаад валютын орох урсгал өндөр түвшинд хадгалагдаж, ГВУН-ийн хэмжээ 4.6 тэрбум ам.доллар байна. Иймд валютын зах зээлд үүсээд буй ханшийн хэлбэлзэл түр зуурын шинжтэйгээс гадна цаашид тогтворжихоор байгааг төв банк мэдээллээ.
Монголбанк энэ сарын 11-ний байдлаар цэвэр дүнгээр 378 сая ам.доллар худалджээ. Өөрөөр хэлбэл худалдан авсан гадаад валютаа эргүүлэн худалдаж байгаа ч нөгөө талдаа, иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан алтаа мөнгөжүүлэн ГВАН-ийг арвижуулж байна. Засгийн газраас гадаад зээл, бондын төлбөрийг амжилттай хойшлуулснаар ойрын хугацаанд төлөх томоохон зээлийн төлбөр байхгүй тул цаашид төгрөгийн ханш сулрах шалтгаан бага хэмээжээ.