НИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Хишгээгийн Нямбаатарыг нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр, холбогдох баримт бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар тогтсон.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх дөрвөн жил нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх болно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй уялдуулан, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040-д нийцүүлэн, нийслэлийн хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулахад чиглэсэн, нэгдмэл, цогц, харилцан уялдаатай, давхардалгүй, хүртээмжтэй, бүх нийтийн оролцоог хангасан байх зарчмуудыг баримтлан боловсруулж, батлуулах болно” гэв.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Түмэндалайн Даваадалайг томиллоо. Т.Даваадалай нь инженер мэргэжилтэй, орос, англи хэлтэй бөгөөд 2006 онд ЕБ-ын 73 дугаар дунд сургуулийг, 2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. 2015-2017 онд Австрали улсын Күийсландын Их сургуульд менежментэд суурилсан инженер-бизнесийн удирдлага хосолсон мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ.
Түүний ажлын туршлагаас дурдвал,
- 2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч, засварын хүлээн авагч, машинч, засварын инженер
- 2016 онд “UniCar” старт-ап үүсгэн байгуулагч
- 2017 онд “Батс-Өргөө” ХХК-ийн ОТ сайт менежер
- 2018 онд “Аплайс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер
- 2020 онд “Дава Бизнес Консалтинг” ХХК-ийн захирал
- 2020 онд “NCСS ХХК”-ийн ОТ төслийн менежер
- 2019-2021 онд “Вагнер Ази” ХХК-ийн техникийн зөвлөх багийн менежер
- 2021 оноос өнөөдрийн хүртэл “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал
- 2022 оноос өнөөдрийг хүртэл “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байсан туршлагатай аж.
Тэрбээр өнөөдрөөс НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж эхэллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогчоор А.Амартүвшинг томиллоо
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Амгаланбаярын Амартүвшинг өнөөдөр томиллоо. А.Амартүвшин нь дипломат, олон улсын харилцаа, эрх зүйч мэргэжилтэй. 2007 онд Австралийн Монаш их сургуулийг улс төр, гадаад судлалаар бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр зэрэгтэй хамгаалж, төгссөн.
Түүний ажлын туршлагаас дурдвал:
- 2008 онд УИХ-ын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагч
- 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт
- 2013-2016 онд БНБУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, консул
- 2016 оноос өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.
- 2020-2024 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч
- 2024 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр өнөөдрөөс Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС