10.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэх мега төслүүд

оруулсан Алсын Хараа

Д.ОЮУНЧИМЭГ

Монгол Улсын Засгийн газар 2025 оны төсвийг батлуулахаар УИХ-д өргөн барьсан. Энэ удаагийн төсөвт хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил учраас эдийн засгийн хамгийн тулгамдсан, хугацаа шаардсан суурь асуудлуудыг шийдвэрлэж эхлэх, бүсчилсэн хөгжлийн цогц реформыг эхлүүлэх, нийслэлийн төвлөрлийг задлах зэргээр олон жил ужгирсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хэмээн төсөв боловсруулагчид онцолж буй.

Энэ удаагийн төсөв Монгол Улсын эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэхэд чиглэж буй бөгөөд хөрөнгө оруулалтын бүсчилсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ Сангийн яам мэдэгдэж байгаа. Тухайлбал, бүсийн эрчим хүч, боомтын дэд бүтэц, авто зам, гуравдугаар шатлалын эмнэлэг, ахлах сургууль, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах хөшүүрэг буюу мега төслүүд хэмээн тодорхойлсон.

Төслүүдийг хөдөлгөх гэж байгаа учраас л Монгол Улсын Засгийн газар 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд, нийт зардал 35.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөг байхаар төлөвлөөд байгаа юм хэмээн тайлбарлаж байгаа. Тэгвэл төсөл хэрэгжүүлэхэд дан ганц санхүүжилт шийдвэрлээд болчихдог зүйл биш гэдгийг хаа, хаанаа ойлгож байгаа.

Энэ удаад 14 мега төслийг хөдөлгөхөөр шийдвэрлэсэн. Ингэхдээ төслүүдийг богино хугацаанд ашиглалтад оруулахад анхаарал хандуулна гэдгээ хэлсээр байгаа. Түүнчлэн төслүүдийг үр ашиг, ач холбогдлоор нь эрэмбэлж, төлөвлөсөн гэлцдэг. Мэдээж төслүүдээ хэрэгжүүлэх бодлогоо нарийн тодорхойлж түүнийгээ бодит хөрсөнд бууна гэдгийг албаныхан учирлаж байна.

2025 онд бүрэн эхлүүлэхээр төлөвлөсөн 14 төслийн хоёр нь экспортыг дэмжих бол нэг нь үндэсний хиймэл дагуулын төсөл ажээ. Мөн эрчи хүчний дөрвөн төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байгаа юм. Тодруулбал, Тавантолгойн 450МВт-ын дулааны цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Харин боловсруулах үйлдвэрлэлийн долоон төсөл хэрэгжүүлнэ. Үүнд, зэс боловсруулах цогцолбор, ураны төсө, газрын тос боловсруулах цогцолбор, алт цэвэршүүлэх үйлдвэр гангийн үйлдвэр, ус дамжуулах шугам, нүүрс-хими, когкс химийн цогцолбор барьж байгуулах юм байна.

Тэгэхээр ирэх онд нийт 10.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Үүний 38 хувь буюу 4.3 их наядыг улсын төсвөөр, 27 хувь буюу 2.6 их наядыг гадаад зээл, тусламжаар хийх бол 35 хувийг нь орон нутаг, нийслэлийн бондоор санхүүжүүлэхээр төлөвлөжээ.  Тэгвэл орон нутаг төслийг санхүүжүүлэх хэмжээний чадавхитай нь хэд вэ гэдэгт хариулт хэрэгтэй. Төсөвт тусгасан байдлаас харвал ирэх онд Хөвсгөл аймагт хамгийн өдөр буюу 60.4 тэрбум төгрөг хуваарилсан байна. Гэтэл Төв аймагт есөн тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төсөвлөсөн байна.

Ямартаа ч ирэх жилээс хэрэгжүүлж эхлэх мега төслүүд 2028 онд дотоодтын нийт бүтээгдэхүүнийг 132 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10.6 мянган ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Үүнийг дагаад 111 сая тонн нүүрс экспортлох бол хоёр саяаас дээш хэмжээгээр зэсийн баяжмал экспортлоно гэсэн зорилт тавин ажиллаж байгаагаа Эдийн засгийн хөгжлийн яамныхан дуулгасан.

Төсвийн зардлыг тэлэхэд жин дарах нөлөө үзүүлж буй мега төслүүд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж, товлосон зорилтдоо хүрэх нь цаг хугацааны л асуудал. Үүний тулд бэлтгэл хангах ажил хамгийн чухал нь гэдгийг сануулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 198 (7442)

Сэтгэгдэл бичих