/Kazinform/. Казахстанд атомын цахилгаан станц (АЦС) барих асуудлаар аравдугаар сарын 6-ны ням гарагт бүх нийтийн санал асуулга явууллаа. Санал асуулгын урьдчилсан дүнгээр түүнд оролцогсдын 71.12 хувь нь АЦС барихыг дэмжжээ.
Бүх нийтийн санал асуулгын төв хорооноос гаргасан урьдчилсан мэдээллээр, санал асуулгад оролцох эрх бүхий иргэдийн 63.66 хувь нь буюу 7 820 204 хүн санал хураалтад оролцжээ. Үүнээс 5 561 937 хүн буюу 71.12 хувь нь АЦС барихыг дэмжсэн байна. Оролцох эрхтэй нийт иргэний тоо 12 284 487 байжээ.
“Казахстанд АЦС барихыг эсэргүүцсэн саналын хуудсын тоо 2 045 271 байгаа бол хоёр хариултын хувилбарыг аль алиныг сонгосон, өөрөөр хэлбэл хүчинтэйд тооцогдсон боловч саналын тоонд оруулаагүй саналын хуудсын тоо 82 729 байна. Хүчингүйд тооцсон саналын хуудсын тоо 130 267 байв” гэж Бүх нийтийн санал асуулгын төв хорооны дарга Нурлан Абдиров мэдээллээ.
Казахстанд АЦС барих асуудлаар бүх нийтийн санал асуулгыг өчигдөр зохион байгуулсан юм. Энэ өдөр нийт 10 мянга гаруй санал авах байр ажилласны 59 нь гадаад орнуудад байжээ. Санал асуулгад санал өгөх эрхтэй иргэдийн 50 гаруй хувь нь оролцсон тул санал асуулгыг хүчинтэйд тооцлоо. Бүх нийтийн санал асуулгад оруулсан асуудлаар шийдвэр гаргахын тулд санал өгсөн иргэдийн талаас илүү хувь нь дэмжсэн байх ёстой.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг