Хуримтлалын санд энэ онд 490 тэрбум, ирэх жил 524 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг татна

оруулсан Алсын Хараа

"Хуримтлалын санд энэ онд 490 тэрбум, ирэх жил 524 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хуримтлуулна. Үүн дээр арилжааны банкууд болон Монголбанкнаас эх үүсвэр нэмснээр 2025 онд ипотекийн зээлийн 1.3 их наяд төгрөгийн эх үүсвэр бий болно” гэж Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанд танилцуулав.

Тэрбээр мөн “Орлогод нийцсэн орон сууц худалдан авах иргэдийг дэмжих хүрээнд “Хуримтлалын сан” байгуулсан. Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний орон сууцжуулалтын Үндэсний хороо бодлогын түвшинд ажиллаж буй. Амины орон сууцад ипотекийн зээл олгох боломжийг нээсэн хэдий ч холбогдох гэрчилгээжүүлэлт, стандартыг батлаагүй байгаа нь сорилт болоод байна. Түүнчлэн зорилтот бүлэгтээ оновчтойгоор хуваарилах зэрэг асуудал гарч байгаа бөгөөд эдгээрийг шийдвэрлэх арга хэмжээг ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан" гэсэн нэмэлт тайлбарыг хийсэн юм. Ипотекийн зээл олголтын 50 хувийг нийслэлд, гэхдээ төвөөс алслагдсан орон сууцанд олгох, үлдсэн 50 хувийг орон нутагт олгох бодлого баримтлаж байгаа аж.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан”, “Хуримтлалын сан” гэсэн гурван сантай байх юм. Хуримтлалын сан нь иргэдийг орон сууцжуулах болон боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр иргэдэд бэлэн бус төлбөр тооцоогоор дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилготой.

Сэтгэгдэл бичих