Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Оюу-толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг өнөөдөр (2024.10.03) төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хамтын ажиллагааг харилцан үр ашигтай байх, төслийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцов.
Сайд Н.Учрал “Оюу-толгой” ордоос Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх, гэрээг сайжруулах чиг үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буйн хувиар Монгол Улсын стратегийн чухал орд газарт түшиглэсэн энэхүү хамтын ажиллагааг цаашид харилцан үр ашигтай байх, ард түмний хүртэх хувийг нэмэгдүүлэхэд миний бие анхаарч, өмнөх Засгийн газрын байр суурийг үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлэв. Хатагтай Дэйрдрэ Лингенфэлдер Оюу Толгой ХХК-ийн шинэчилсэн стратеги нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж байгааг дурдаад цаашид хамтын ажиллагааг үр дүнтэй байхад анхаарч, нээлттэй, ил тод хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.