Вьетнамын ерөнхийлөгч То Ламын айлчлал эхэллээ

оруулсан Алсын Хараа

Т.БАТСАЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам манай улсад айлчилж байна.  Түүний төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 70 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй гэдгээрээ онцлог юм.

 

Вьетнамын ерөнхийлөгч То Лам гэж хэн бэ?

То Лам 1957 оны долоодугаар сарын 10-нд Ардчилсан Вьетнам улсад төрсөн. Энэ оны тавдугаар сарын 22-ноос Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.  Мөн Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга ажилтай. Тэрээр 2016 оноос ВКН-ын Төв хорооны Товчооны гишүүн бөгөөд Вьетнамын Нийгмийг Аюулаас хамгаалах яамны сайд. Вьетнамын цагдаа, аюулгүй байдлын хүчний байгууллагуудыг удирдаж байсан төрийн удирдагчдын нэг юм.

То Лам Вьетнамын ерөнхийлөгч болохоосоо өмнө нам төрийн шатлалын эрэмбээр дөрөв дэх албан тушаалд байсан. ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам Улсын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонг, Парламентын дарга Нгуен Тхи Ким Нган, Батлан хамгаалахын сайд Нго Суан Лич нарын дараа орж байсан юм. То Лам нь ВКН-ын удирдлагад консерватив шугам, хатуу улс төрийн чиглэлийн гол төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг юм. Онцлог нь То Лам Хо Ши Минийн үзлийн залгамж, түүний зарлигуудыг байнга уриалдаг байна. То Ламын байр суурь нь тогтвортой байдал, аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл дээр суурилдаг.

Мөн тэрээр 2019 онд Армийн генерал цол хүртсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 189 (7433)

Сэтгэгдэл бичих