Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталжээ. Уг тогтоолыг баталснаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежментийн багаар удирдуулах шийдвэр гарч байгааг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.
Тус шийдвэрийн хүрээнд олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлах аж. Өмнө нь Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлахад улстөрчид материалаа бүрдүүлж, нөлөөгөө тогтоох гэж оролддог байсан. Тиймээс ард иргэдийн хяналтад оруулах үүднээс энэхүү шийдвэрийг гаргасан гэж Н.Учрал сайд онцолсон юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежментийн баг удирдсанаар засаглалын хувьд шинэчлэгдэнэ. Улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ. Авлига, ашиг сонирхлоос ангид болно. Ингэснээр дэвшилтэт технологи, инновац нэвтэрч, бүтээмж нэмэгдэн, зах зээл тэлнэ гэж үзэж байгаагаа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэллээ.