Их Британийн боксчин Даниэл Дюбуа Олон улсын боксын холбооны /IBF/ хэт хүнд жингийн дэлхийн аварга цолыг хүртлээ. Тэрбээр Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд ням гарагт болсон тулаанд мэргэжлийн боксын гурван холбооны ангилалд дэлхийн аварга цолыг хүртээд буй нутаг нэгт Энтони Жошуаг тавдугаар үед хүнд цохилтоор ялсан байна.
Дюбуа тулааныг эрч хүчтэйгээр эхлүүлж, хэд хэдэн угсраа цохилт хийлээ. Жошуа цохилтуудаас бултаж чадсан боловч тулааны эхний үеийн төгсгөлд санаандгүй байдлаар нокдаунд орсон байна. Үүнээс хойш тэрбээр сэргэлт авч чадаагүй бөгөөд ихэд сульдсан харагдаж байв. Түүнд хурд, хөдөлгөөний эвсэл илт дутагдаж байсан бөгөөд гурав ба дөрөвдүгээр үеүдэд дахиад нокдаунд оров.
Тавдугаар үеийн гурав дахь минутанд Жошуа урагш давшиж, дөрвөн удаа оновчтой цохилт хийсэн боловч өрсөлдөгч нь хариу довтолж баруун шанаанд нь хүчтэй цохиход тэрбээр унаж, 10 секундийн хугацаанд босож чадаагүй тул дүрэм ёсоор шүүгч тулааныг зогсоожээ.
Өдгөө 27 настай Дюбуа 6 дугаар сарын 2-нд болсон тулаанд Хорватын Филип Хрговичийг 8 дахь үед техникийн нокаутаар ялснаар IBF-ийн түр аваргын титмийг авсан бөгөөд одоогийн байдлаар 22 удаа ялж, 2 ялагдаад байна.
Түүний өрсөлдөгч 34 настай Жошуа 28 удаа ялж, 4 удаа ялагджээ.