Мэргэжлийн сумогийн 2024 оны Аки башё 15 хоногийн турш Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж өндөрлөлөө.
Монголын 20 бөх таван зиндаанд хүч үзсэнээс нэг бөх түрүүлж, 12 нь качикоши хийж, найм нь макёкоши болов. Сүүлийн өдөр Хоошёорюү озэки, Тамаваши хоёр маань качикошигийн төлөө барилдсан. Аки башёгийн барилдааныг хаасан озэки Хоошёорюү С.Бямбасүрэн озэки Котозакүраг давснаар тавин хувийн амжилтаа үзүүлэв. Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 12 даваатай башёг дуусгасан бөгөөд сэкивакэ цолтойгоор хоёр башёгоос 20 даваа авлаа. Онокацү Б.Чойжилсүрэн макүүчигийн анхны башёдаа барууны 14-өөс барилдаж, долоон даваатай тэмцээнээ дуусгалаа.
Тэгвэл жюүрёог манлайлан барилдсан Чиёошома Г.Мөнхсайхан 10:5-тай башёг дуусгаж Кюүшү башё буюу 2024 оны сүүлчийн тэмцээнд макүүчид эргэж ирэх нь тодорхой болов. Мэргэжлийн сумод анх удаа барилдсан Госэйзан Б.Мөнх-Од карьераа түрүүлсэн амжилтаар эхлүүлж байна. Тэрбээр жонокүчид нэг ч уналгүй түрүүллээ.
Сэкивакэ Оносато түүх бичиж хоёр дахь түрүүгээ хүртэж, таван башёд барилдан озэки цол хүртсэн анхны бөх боллоо. Башёгийн 14 дэх өдөр түрүүлэх болзлоо хангаж, таван башёд тусгай шагнал хүртсэн анхны бөхөөр тодорсон нь онцгой амжилт байв. Тэр энэ башёд л гэхэд дайчин болон уран барилдааны шагнал хүртсэн юм. Монгол бөхчүүдийн барилдааны үр дүнг хүргэе.
Макүүчи
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн 8:7
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 12:3
Б-9 Оошома П.Дэлгэрбаяр 10:5
З-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 7:8
Б-10 Рога А.Амарсанаа 8:7
Б-14 Онокацү Б.Чойжилсүрэн 7:8
Жюүрёо
З-1 Чиёошома Г.Мөнхсайхан 10:5
З-3 Тамашохо Э.Энхманлай 6:9
Б-7 Миторюү Б.Төрболд 5:6 өнжсөн
З-9 Дайшохо Ч.Шижирбаяр 6:9
Макүшита
З-3 Дэванорюү Т.Тэмүүлэн 2:5
З-9 Котокэнрюү Г.Билгүүн 2:5
З-12 Асахакүрюү Р.Жамьянтогтох 5:2
Б-14 Саданохикари Д.Наранцогт 1:6
Б-28 Кёкүкайюү Ш.Далайбаатар 6:1
З- 41 Хокүтомарү Н.Чинзориг 4:3
Б-44 Казэноүми Ц.Билгүүн 6:1
Б-45 Хокүтэнкай Г.Сүхбат 4:3
Санданмэ
Б-28 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 6:1
Жонокүчи
З-15 Госэйзан Б.Мөнх-Од 7:0