Украины Гадаад хэргийн сайд албан тушаалаасаа огцорлоо

оруулсан Алсын Хараа

М.АНАР

Украины Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба албан тушаалаасаа огцорлоо. Ноён Кулеба нь 2020 оны гуравдугаар сараас эхлэн энэ албан тушаалыг хашиж байгаа юм. Түүнчлэн хэд хэдэн албан тушаалтан энэ мягмар гарагт албан тушаалаа хүлээлгэн өгч тэр дундаа зэвсгийн үйлдвэрлэл хариуцсан стратеги салбарын сайд нарын суудал хоосорчээ. Ардын албат намын эрх баригч “Энэ долоо хоногт болох Засгийн газрын томоохон өөрчлөлтөөр танхимын ихэнх хувь нь өөрчлөгдөнө” хэмээн мэдэгдэв. Нөгөө талаас УИХ-ын гишүүн Инна Совсун хэлэхдээ “Дайн тулааны байдлаас болж УИХ болон ерөнхийлөгчийн сонгууль түр завсарласан үед Засгийн газрын бүтцийн өөрчлөлт нь одоогийн байдлаар маш их хэрэгцээтэй учир шинэ хүмүүс, шинэ санаануудыг Засгийн газарт сэлгэж оруулах нь хамгийн сайн арга юм” гэжээ.

Мягмар гарагт огцрох өргөдлөө өгсөн хүмүүсийн тоонд Стратегийн аж үйлдвэрийн сайд Александр Камышин, Хууль зүйн сайд Денис Малиуска, Байгаль орчныг хамгаалах сайд Руслан Стрилетс, Ерөнхий сайдын орлогч Ольха Стефанишина, Ирина Верещук, Украины Төрийн өмчийн сангийн тэргүүн Виталий Ковал нар багтжээ. Мөн ерөнхийлөгчийн ахлах туслахуудын нэг Ростислав Шурмаг ерөнхийлөгчийн зарлигаар албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Ерөнхийлөгч Зеленский мягмар гарагт болсон цахим уулзалтаараа “Бидэнд ашигтай  үр дүн бий болгохын тулд төрийн байгууллагуудыг бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд Засгийн газрын зарим хэсгийг чадавхжуулах хэрэгтэй бөгөөд гишүүн бүрэлдэхүүн болон Ерөнхийлөгчийн тамгын газарт нь өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн” хэмээн хэлсэн байна. Орос улс 2022 оны хоёрдугаар сараас бүрэн хэмжээны халдлага хийж  эхэлснээс хойш Ерөнхийлөгч Зеленский Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэд хэдэн удаа шинэчилсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 173 (7417)

Сэтгэгдэл бичих