Монгол Улс шинэ УИХ, шинэ Засгийн газартай болоод сар илүүхэн болж байна. Засагт хамтарсан гурван нам “Хурд ба Зориг” гэсэн нэршилтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлснээ УИХ-аар батлуулав. Ойрд хийх ажлынхаа санхүүжилтийг ч тодотголоор батлууллаа.
Эдгээрийг хэлэлцсэн УИХ-ын ээлжит бус чуулганыг харж байхад ирэх жилүүдэд улс төр бужигнаан будилаан ихтэй байх төлөвтэй. Гурван сонгуулийн бүрэн эрх дараалан засаглаж буй МАН, хоёр сонгууль дараалж “хашаа”-ны гадна өнжөөд одоо орж ирж буй АН, анх удаа засагт багтаж байгаа ХҮН нам гээд бодохоор Монголын төрийн зай багтаамж, чадал чансаа аргагүй сөхрөхөөр байна. Учир нь тэдгээр намынхан ажил албан тушаалд оочерлож байгаатай холбоотой. Түүнийг дагаад нөгөөх Засгийн газраа шахаад, шантаажлаад эхэлж байгаа нь илтэд анзаарагдлаа.
Үнэнийг хэлэхэд 2021 оны оноос хойш Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар муугүй ажилласан. Нэг тоо сөхье. Түүнийг 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдоход ДНБ-ий нэрлэсэн дүн 43.5 их наяд төгрөг байсан. Тэгвэл 2025 оны төсөөллөөр хоёр дахин өсөж 95 их наяд хүрэхээр байна. Түүнчлэн гадаад худалдааны бараа эргэлт, экспорт импорт ч хоёр дахин нэмэгджээ. Мөн 2021 онд нэг хүнд ноогдох ДНБ 4484 ам.доллар байсан бол 2024 оны эцэст 6107 ам.доллар, 2025 онд 7516 ам.долларт хүрэхээр байна. Ингэж нэг хүнд ногдох ДНБ жил бүр 1000 ам.доллараар дараалан өсөж, эдийн засгийн багтаамж хоёр дахин тэлсэн. Яг ийм хурдаар явбал Монголын эдийн засаг яаж өөрчлөгдөх нь тодорхой юм.
Засгийн газар өнгөрсөн баасан гаригт ээлжит бусаар хуралдаж Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцээд оройд нь УИХ-д өргөн мэдүүлэв. Тодруулбал, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн хамгааллын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг өргөн барьчихлаа. Ирэх оны төсвийг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн болон засаглал гэсэн үндсэн дөрвөн бодлогыг хэрэгжүүлэхэд бүхэлд нь чиглүүлжээ. Энэ хүрээнд эдийн засгийн бодлогод туссан газрын тос боловсруулах үйлдвэр, үндэсний хиймэл дагуул төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгааны станцын төслүүдийн санхүүжилтийг тусгасан байна. Харин үйл ажиллагааны хөтөлбөрийн бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шинээр тусгасан бүтээн байгуулалт, дэд бүтцийн 38 төслийг бүрэн чиглүүлж төлөвлөжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд нийт 12.4 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 640 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, 4.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэхээр төлөвлөсөн нь өмнөх онуудынхаас хамгийн өндөр төсвийн хөрөнгө оруулалт болж байгаа буюу ДНБ-ний 4.5 орчим хувьтай тэнцэхээр байгааг төсөв боловсруулагчид мэдээлсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 57.1 хувь нь орон нутгийн бүсүүд буюу Хангай, Төв, Говь, Хойд, Баруун, Зүүн бүсэд, 25 хувь нь Улаанбаатар хот болон Хөшигийн хөндийд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтууд байх аж. Тухайлбал “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын дотор хүргэх шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх мега төслүүд болох “Хөшигийн хөндийн туннел”, “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламж төслүүдийн санхүүжилтийг Засгийн газрын баталгаа гаргах зэргээр цаашид үе шаттайгаар шийдвэрлэж, хэрэгжүүлнэ” гэж байна.
Гэхдээ сая ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр гишүүдийн дийлэнх, ялангуяа шинэ гишүүд хуулийн төслүүдийг уншиж танилцах тал дээр тааруухан байсан. Энэ дээр нь хуучин гишүүд улс төрийн тоглолт хийж, зарим гацаа шантааж маягийн зүйлийг ч хийгээд амжина лээ.
Үүнийг хэлэхийн учир нь нэгэнт “нэмэх” заагаад байгаа улсын эдийн засгийн чадамжийг улам сайжруулах тал дээр улстөрч бүр нэг зорилготой байх цаг нь ирсэн. Мэдээж хэрэг, төслүүдэд алдаа оноотой зүйлүүд байж л таарна. Гэвч шүүмжлэл, шантааж хоёр хэтэрхий зөрүүтэй бөгөөд тодорхой харагддаг л даа.
Гурван нам хамтарсан Засгийн газрынхаа ирэх дөрвөн жилийн хөтөлбөрөөрөө том амбиц тавьсан байгаа юм. Тэд С.Зориг агсны “Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, хувийн эрх ашиг эцэст нь” байх тухай хэлсэн үгийг суурь зарчим хэмээж, “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрөө “Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөр аж үйлдвэрийн тавдугаар хувьсгалын хэмжээнд өрнөж хүн төрөлхтний амьдралын хэв маягийг асар хурдтай өөрчилж буй хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн үетэй давхцаж байгаа нь ихээхэн онцлогтой байна. Нэг үгээр хэлбэл, бидний төсөөллөөс давсан эерэг болон сөрөг нөлөөлөл хэрхэн манай бүс нутаг, улс орны нийгэм эдийн засгийн амьдралд нөлөөлөхийг таамаглах нь томоохон сорилт бас боломж” хэмээв.
Дэлгэрүүлбэл “Эдийн засгийн өсөлтийг ирэх дөрвөн жилд 5-6 хувьд хадгалж, инфляцыг нэг оронтой тоонд барьж, төлбөрийн тэнцлийг эерэг байлгаж, валютын нөөцийг нэмэгдүүлж, эдийн засгийн эрх чөлөөний байдлын болон дэлхийн инновацын үзүүлэлтийг сайжруулж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 8000-10000 ам.долларт хүргэх эдийн засгийн төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлэх шаардлагатай” гэж зарлав. Улмаар эдийн засгийг тэлэхийн тулд дараах 14 мега төслийг Засгийн газраас онцлов.
Үүнээс гадна “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд чиглэсэн эрх зүйн цогц реформ, хүний эрх, эрх чөлөө, хуулийн байгууллагуудын хүний эрхийн мэдрэмжийн асуудал, тэр дундаа шүүхийн шатанд хилсээр хэлмэгдүүлж, эрүүдэн шүүх, ард түмэнд харгис хатуу, авлигачдад аядуу зөөлөн ханддаг шударга бус үйлдлийг таслан зогсоох, шүүхийн ил тод байдлыг хангасан эрх зүйн цахим реформ, хүнд суртлын эх үндэс болсон хуулиас давсан журмаар зохицуулагддаг харилцаа, 1990 оноос хойших эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх эр зориг гаргаж, цэгцлэх асуудал хамтарсан Засгийн газрын үед хийнэ” гэв.
Товчхондоо, энэ Засгийн газар “Цагийн зүү буцаж эргэдэггүй ээ. Эргэх ч ёсгүй” гэх амбицаар өөрсдийнхөө улс төрийн нэр хүнд, карьер байтугай Монгол Улсын ирээдүйгээр дэнчин тавьсан. Дэвшүүлсэн зорилт унавал улсаараа унаж, бүтвэл улсаараа сэхнэ. Ийм л хөтөлбөртэй гараанаас гарч байна. Гэхдээ улс төрийн энэ их шахалт, шантаажийг давж гарч чадвал дэвшүүлээд байгаа “Хурд, Зориг” нь хэрэгжинэ л дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 169 (7413)