Дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд АНУ-тай хамтран ажиллана

оруулсан Алсын Хараа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр Засгийн газар дижитал эзийн засаг, шинжлэх ухаан технологийн паркуудыг хөгжүүлэх, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг бүс нутаг төдийгүй дэлхийд таниулах, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь борлуулахад онцгойлон анхаарч байна. Цаашдаа өмнө АНУ-тай хийсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар ажиллаж буйгаа онцолсон юм.

Түүнчлэн төлбөр тооцооны системүүдийг нэвтрүүлэх, туршлага судлах, кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулахад хамтын ажиллагааг үргэлжлүүлэн, гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлан, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарыг хууль эрх зүй, эдийн засгийн таатай экосистемээр дэмжсэн жишиг паркийг Монголд байгуулж, Ази тивийг холбосон төв болох зорилго, эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Ричард Буанган Монгол Улсын Засгийн газар салбар бүрд дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч буйд талархал илэрхийж, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, түүнийг дагасан кибер аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх нь хоёр улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл тул Монгол Улсыг дэмжиж, харилцан туршлага солилцох, хамтран ажиллана гэдгээ илэрхийлснийг ЦХИХХЯ мэдээллээ.

Сэтгэгдэл бичих