Завхан аймгийн брэнд улаан хальст саримс тариалалт өмнөх оноос 11.2 хувиар нэмэгджээ. Завхан аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Завханы улаан хальст саримс"-ны тариалалтыг нэмэгдүүлнэ” гэж тусгасан нь ажил хэрэг болж байна. Аймгийн саримсны тариалалтын гол бүс нутаг нь Улиастай сум.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, бодлогоор Завханы Улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлэх ажлыг сүүлийн 3 жил идэвхтэй хийж байна. Орон нутагтаа тариалалтыг нэмэгдүүлэх, нутгийн брэнд бий болгох. Улаан хальст саримс тариалах тариаланчдыг бодлогоор дэмжиж хөнгөлөлттэй үрийн нөөцөөр хангах. Ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд улаан хальст саримс гол нэрийн бүтээгдэхүүн болж байна. Саримсны тариалалтыг нэмэгдүүлэхийн тулд эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран үрийн шинэчлэл хийх. Саримсны үрийн сан байгуулах, улаан хальст саримсыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тарьж ургуулах. Хүн амын хэрэгцээт саримсны хангамжийг нэмэгдүүлэх, улмаар гадаадад экспортлох зорилт тавин ажиллаж буй юм.
Энэ жил Улиастайд улаан хальст саримсыг 149 тариаланч, нэг аж ахуйн нэгж 20.7 га талбайд тариалж, ургацаа хураан авч байна. Саримсны ургац хураалт бүрэн дуусаагүй байна. Саримсны тариалалт өмнөх оноос тариалсан талбайн хэмжээ 11.2 хувиар нэмэгдсэн байна. Өмнө оны хурааж авсан нөөц үрийг хөнгөлөлттэй үнээр 13 иргэнд олгож хаврын тариалалт хийлгэсэн. Эдгээр шинээр тариалалт хийсэн иргэдэд саримсны тариалалт, арчилгааны зөвлөгөөг өгч хамтран ажилласан нь үр дүнгээ өгч тариалсан талбайгаасаа бүрэн ургац авах төлөвтэй байна.
Өнгөрсөн жил улаан хальст саримсны үрийн нөөцийг нэмэгдүүлэхээр 38.8 кг үрийн саримсаар 10 иргэнээр тариалалт хийлгэсэн. Тариалсан талбайгаас 70 кг саримсыг хураан авч нөөц бүрдүүлсэн. 2023 онд сумын хэмжээнд 18.6 га талбайд 146 тариаланч саримс тариалж 37.1 тн ургац хураан авсан. Жил бүр саримс шинээр тариалах тариаланчидтай хамтран ажиллаж, тухайн жилийнхээ тариалах саримсны үрийн нөөцийг бүрдүүлсний үр дүнд ургац төлөвлөсөн хэмжээндээ сайн авч байна гэж Улиастай сумын ЗДТГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтэн Б.Намжилмаа мэдээлэв.
Сонирхуулахад Завхан аймгийн хэмжээнд Улиастай, Цагаанхайрхан Тэлмэн сумуудад саримсны тариалалтыг хийж байна. Улаан хальст саримсны үнэ 1 кг нь 50 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.
Завханы улаан хальст саримсны “Улиастай сорт”-ыг тариаланч Д.Волоож, Ш.Янжинханд нар батлуулсан байна. Тус сортын биологи, аж ахуйн шинж чанар нь эрт болцтой, хүйтэнд тэсвэртэй, хумс нь таваас найман хэмд ургах бөгөөд 18-20 хэмд тохиромжтой ургадаг. Улаан хальст саримс нь ааг амтны хувьд цагаан саримснаас илт давуу. Нэг удаагийн хоолонд тал хумс саримс л хэрэглэхэд хангалттай. Дөрвөн ам бүлтэй айл нэг килограмм саримсыг жил гаруйн хугацаанд хэрэглэдэг.
Улаан хальст саримсны эрэлт жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд үнийн хувьд жил бүр тогтворгүй, үнэ нэмэгдэх, олдоц ховор байдаг байна. Анх 1900 төгрөгөөр борлуулдаг байхад худалдаж авах хүн олддоггүй байсан тухай тариаланчид ярьж байна. Улаан хальст саримс нь намар 50 мянга орчим төгрөг, харин өвлийн улиралд нэг кг нь 70-80 мянга орчим төгрөг хүрдэг.