Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд энэ сарын 27-нд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Хун Лэйтэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав.
Уулзалтын үеэр Элчин сайд Н.Энхболд Монгол, Хятад хоёр улс нь уул усаар холбогдсон найрсаг харилцаатай мөнхийн хөршүүд бөгөөд өнгөрсөн 75 жилийн хугацаанд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмын дагуу хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж ирснийг онцлон тэмдэглэсэн юм. Цаашид Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, бүхий л салбарын хамтын ажиллагааг орчин үеийн улс хоорондын харилцааны жишиг болгон урагшлуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв.
БНХАУ-ын ГХЯ-ны Ёслолын газрын захирал Хун Лэй, Элчин сайд Н.Энхболдод Элчин сайдын хүндтэй албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд, Элчин сайд болон ЭСЯ-ны цаашид шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа онцлов гэж ГХЯ-наас мэдээллээ.