Өнөөдөр буюу лхагва гарагт болсон Олон улсын Олимпын хорооны 142 дугаар чуулганаар 2030 оны ба 2034 оны Өвлийн Олимпын тоглолтуудыг зохион байгуулах хотуудыг зарлалаа. 2034 оны өвлийн Олимпын ба Паралимпын тоглолтуудыг зохион байгуулах хотоор АНУ-ын Юта муж улсын хамгийн том хот болох Солт-Лейк-Ситиг нэрлэсэн байна.
Санал хураалтад оролцсон ОУОХ-ны 95 гишүүнээс 83 нь тус хотын өргөдлийг дэмжсэн бол 6 хүн татгалзаж, 6 хүн түдгэлзжээ. Солт-Лейкийн өвлийн Олимпын тоглолт 2034 оны 2 дугаар сарын 10-наас 26-ны өдрүүдэд болно. Тус хот 2002 онд өвлийн Олимпын тоглолтыг зохион байгуулж байсан туршлагатай.
Үүнтэй холбогдуулан Солт-Лейк-Сити хотын дарга Эрин Менденхолл Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “Олимпын тоглолт нь бидний ирээдүйтэй маш сайхан зохицож байна” гэжээ. ОУОХ-ны ээлжит чуулганы үеэр үзүүлсэн тус хотын танилцуулгад дурдахдаа, тэмцээнд оролцож буй бүх тамирчны гэр бүлийнхэнд зориулан тусад нь Олимпын тосгон байгуулна гэжээ.
Харин 2030 оны өвлийн Олимпыг зохион байгуулах улсаар Францыг сонгосон бөгөөд Олимпын ба Паралимпын тоглолтууд Францын Альпын нуруунд болно. Францыг дэмжиж 84 гишүүн саналаа өгсөн бол 4 гишүүн эсрэг санал өгчээ. Одоо Францын тал ойрын үед санхүүгийн баталгаагаа ОУОХ-нд гаргаж өгөх ёстой. Тодруулбал, Францын тал Ерөнхий сайдын гарын үсэг бүхий баталгааг 10 дугаар сарын 1 гэхэд гаргаж, 2025 оны 3 дугаар сарын 1-нээс өмнө парламентаар соёрхон батлуулах ёстой. Тус улсад парламентын сонгууль болж, үүрэг гүйцэтгэгч засгийн газар ажиллаж байгаа тул санхүүгийн баталгаагаа цаг тухайд нь гаргаж өгч чадаагүй юм.
Ташрамд дурдахад, өчигдөр буюу мягмар гарагт болсон ОУОХ-ны чуулганаас Олимпын киберспортын наадмыг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд эхний тоглолт 2025 онд Саудын Араб улсад болно.
23-24-ний өдрүүдэд Парис хотноо болсон ОУОХ-ны ээлжит чуулганаар эдгээр шийдвэрийг гаргалаа.