УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын Шуурхай штабт ажиллан төв, орон нутгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар холбогдон үүрэг чиглэл өглөө.
Аялал, зугаалгын улиралд иргэд хөдөө орон нутгийг ихээр зорьж буй үед болзошгүй аюулаас сэргийлэхийг олон нийт, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотой хэрэгжүүлэх, гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийг эрчимжүүлэх, эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгөх, үерийн эрсдэлтэй цэгүүдэд шаардлагатай техник хэрэгсэл, элс гэх мэт шуурхай хариу арга хэмжээ авах нөөц бүрдүүлэх, эрсдэлтэй газар суурьшсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, далан, суваг, шуудуунд үзлэг хийх, гарц, урсацыг нээж, хяналт тавихыг Шадар сайд С.Амарсайхан үүрэг болгов.
Засгийн газрын энэ сарын 17-ны өдрийн хуралдаанаар өвлийн бэлтгэлийг бүх шатанд хангаж, хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөл, хаврын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийг цаг алдалгүй бэлтгэх, гангийн эрсдэлийн үнэлгээг аймаг, сум, багаар нарийвчлан хийх, отор нүүдлийг эртнээс төлөвлөж оновчтой зохион байгуулах бэлтгэлийг бүх шатанд хангахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосон билээ.