Японы мэргэжлийн сумо бөхийн зуны Нагоя башё үргэлжилж байна. Ес дэх өдрийн барилдаан өчигдөр болоход монгол сумочдоос 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ээлжит даваагаа авлаа. Ингэснээр тэр башёг ганцаараа есөн даваатай тэргүүлж байгаа юм. Түүний өнөөдрийн өрсөлдөгч нь экс озэки Киришима Б.Лхагвасүрэн.
Тэгвэл аваргатай тулах Киришима өчигдөр өрсөлдөгчөө давлаа. Тэр үлдсэн өдрүүдээс дахин таван даваа авсан тохиолдолд озэки цолоо эргүүлэн авах боломжтой болно. Харин озэки Хоошёорюү С.Бямбасүрэн зургаа дахь даваагаа авлаа. Түүний хувьд түрүү бөхийн өрсөлдөөнөөс хасагдсан ч башёг 10-аас дээш даваатай дуусгах зорилго тавьжээ.
Маэгаширагийн есдүгээр эрэмбэтэй Тамаваши даваагаа нэгээр ахиулсан бол гараагаа тун сайн эхлүүлсэн П.Дэлгэрбаяр дөрвөн барилдаанд дараалан өвдөг шороодлоо. Бэртлийн улмаас эхний таван өдрийн барилдааныг өнжсөн Чиёошома Г.Мөнхсайхан өчигдөр өвдөг шороодлоо. Тэрбээр гурав дараалан даваад байсан юм. Тэгвэл жюүрёогоос макүүчид гарч барилдсан Дайшохо Ч.Шижирбаяр болон зиндаа буурахгүйн төлөө барилдаж буй Рога А.Амарсанаа нар өвдөг шороодлоо.
Харин жюүрёод өрсөлдөж буй бөхчүүдээс Миторюү Б.Төрболд, Тамашохо Э.Энхманлай нар өрсөлдөгчөө давсан бол башёг тэргүүлж байсан Онокацү сүүлийн дөрвөн барилдааныхаа гуравт нь унав.