Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор нийслэл хотын эрчим хүч, дулааны талаар яригдаж эхэллээ. Энэ өвөл нийслэлд цахилгаан хязгаарлахгүй, цахилгаан, дулаанаар дутагдахгүй гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдэж байна.
Учир нь 10 дугаар сарын эхэнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай эхний блок ашиглалтад орно. Мөн 50 мВт-ын хүчин чадалтай батарей цахилгаан станцын нээлттэй тендерийг зарлаад байна. Уг станцыг мөн ирэх 10 дугаар сард ашиглалтад оруулах юм. Ингэснээр нийслэлд дутагдаад буй 200 мВт-ын эрчим хүчийг нөхнө гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга Н.Мандуул мэдээллээ.
Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулан санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон. Энэ талаар “Улаанбаатар метро” төслийн эхний шат буюу зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан нээлт дээр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас тодруулахад, “Бид 600 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн. Энэ хөрөнгийг зөвхөн Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээнд зарцуулна” гэсэн юм. Нэг ёсондоо нийслэлийн эрчим хүчний найдвартай байдлыг хангахад хэрэглэх хөрөнгө оруулж байна гэв. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок 10 дугаар сард ашиглалтад орно.
Тэрбээр, өнгөрсөн хавар УИХ-ын чуулганаар батлуулсан эрх зүйн орчны хүрээнд нийслэл хот эрчим хүч, дулаан хангамжийн эх үүсвэрүүдийг өөрөө өмчлөхөөр хуульд өөрчлөлт оруулж тусгаад буйг давхар мэдэгдсэн.
“2024-2028 онд Улаанбаатар хот метроны I, II шугам, тойрог хурдны зам, Туулын хурдны зам, “Шинэ зуун мод” хотын дэд бүтэц болон зураан дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Эдгээр ажлыг хийхэд зайлшгүй эрчим хүч шаардлагатай. Иймээс Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжсан юм гэдгийг хотын удирдлага мэдэгдэж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын тухайд дараагийн II блок 2025 онд ашиглалтад орох юм. Ингэснээр Улаанбааар хотын бүтээн байгуулалтын ажлуудыг хийхэд эрчим хүчний асуудалгүй үүсэхгүй гэдгийг онцолж байна