Дэлхийн монголчууд хэрхэн наадав

оруулсан Алсын Хараа

Баатарын НЯМСҮРЭН

“Зууны мэдээ” сонин “Ганцхан асуулт асууя” буландаа гадаад улсад амьдарч буй монголчуудаас Монгол наадмын ач холбогдлын тухай хариулт авснаа хүргэж байна.

Монгол хувцсаараа гоёсон цорын ганц баяр

Швейцарын Женев хот Д.Энхтүвшин:

-Наадам баяр чухал учраас жилдээ нэг удаа асар майхнаа барьж туг далбаагаа намируулж, хурдан морьдоо уралдуулж, нум сумаа харваж, хүчит бөхчүүд барилддаг билээ. Тусгаар тогтнолоо бататгаж, энх тайван, бат бөх улсаа мандуулж уртын дуугаа цангинуулж наадамлах нь дэндүү жаргалтай. Энэ үед  хурсан олны магнай тэнийж, монгол хувцсаараа гоёсон цорын ганц баяр.

 

Солонгост наадамд оролцсон

Солонгос улсын Сөүл мужийн Гуанжин дүүрэг Б.Ариунсайхан

-Наадам  Монгол Улсын тусгаар тогтнол бататгасан үнэ цэнтэй баяр. Наадмаар дамжуулж гадаад болон элэг нэгт түмэндээ  ёс заншил зан үйл, өв уламжлал, хүндлэлийг мэдэрдэг.  Саяхан солонгост амьдардаг монголчуудын наадам болж өндөрлөлөө. Миний хувьд олон жилийн дараа Солонгост зохион байгуулагдсан наадамд оролцсон.  Үнэхээр онцлогтой,  өргөн цар хүрээг хамарсан, нэгдэж чадсан гэж дүгнэсэн.

 

Өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж  хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй

Солонгос улсын Сөүл муж  Б.Улаанхүү

-Монголчууд бид эрт үеэс өвлөгдөж ирсэн уламжлалаараа дэлхийд сайшаагдсан. Эрийн гурван наадмаар дэнж хотойтол сайхан  нааддаг. Энэ уламжлалаа таслахгүй байх чухал. Монголоороо үлдэх дархлаа бол наадам. Залуучууд бид өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж  хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй. Хэдий өөр улсад амьдарч байгаа ч наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүлдэг. Бусад улсад Монголоо сурталчилж байна.

 

Хурдан морь хийморьтой

Солонгос улсын Жежү муж Н.Товуу

-Би багаасаа хурдан морь унаж өссөн. Тиймээс эрийн гурван наадмаа өв соёлын салшгүй нэг хэсэг гэж бодож явдаг. Наадмын хурдан морь  хийморьтой, огшоодог. Бусад улстай харьцуулахад Монгол Улс нүүдэлчин ахуй соёлтой. Энэ байдлаараа бахархах сэтгэгдэл төрдөг дөө.

 

Монголдоо наадахыг хүсдэг

Солонгос улс Т.Анужин

-Наадам монголчуудын үндэсний өв соёл, түүх, зан заншил, уламжлалыг өөртөө шингээсэн онцгой баяр.  Миний хувьд наадамд их ач холбогдол өгдөг. Бас дэлгэр цагт болдог учраас үндэсний баяр наадамдаа бэлдэж дээл хувцсаа өмсөнө. Ингээд л дэнж хотойтол сайхан наадахыг хүсдэг. Үүнээс гадна эх орондоо очоод, гадаад найзуудтайгаа хамтдаа наадаж, Монгол орныхоо талаар илүү ихийг тайлбарлаж өгөх чин хүсэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 138 (7382)

Сэтгэгдэл бичих