Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 14.3 хувиар нэмэгджээ

оруулсан Алсын Хараа

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (14.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхайн олборлолт 909 (15.1 хувь) тэрбум, боловсруулах үйлдвэрлэл 218.6 (12.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 909 (15.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд чулуун, хүрэн нүүрс олборлолт 979 (41.5 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолт 37.9 (68.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн, чулуун нүүрс, зэс, цайр, мөнгөний баяжмал, баяжуулсан нүүрс, төмрийн  хүдэр, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.2 хувиас 2.9 дахин өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос 3.3-10.4 хувиар багасжээ. Боловсруулах аж үйлдвэрийн салбартцэвэр спирт, металл бэлдэц, ноолууран сүлжмэл эдлэл, шингэн сүү, шохой, ус, ундаа жүүс, нүүрсэн шахмал түлш, самнасан ноолуур, цагаан архи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 0.6- 94.5 хувиар өсөж, харин гурил, цемент, катодын зэс, янжуур тамхи, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7.9-31 хувиар буурав.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 16.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (12.6 хувь) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 1.8 (15.3 хувь) их наяд, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын борлуулалт 67.9 (9.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (15.3 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.3 (19.2 хувь) их наяд, металлын хүдэр олборлолт 519.6 (12.1 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолт 6.1 (5.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Гадаад зах зээлд энэ оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.3 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 12 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх аж. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 61.1 хувийг нүүрс, 34.8 хувийг металлын хүдэр, 3.2 хувийг газрын тос олборлолтын, 0.9 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих