Намуудын сонгуулийг тэд “найруулна”

оруулсан Алсын Хараа

Б.ГАРЬД

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт болоход 22 хоног үлдлээ. Энэ удаагийн сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор СЕХ-ноос батламж гардсан. Тодруулбал, МАН, АН, ХҮН нам, ИЗНН, БНН, Эх орончдын нэгдсэн нам, ИОНН, Ард түмний олонхын засаглал нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, САИНН, Монгол Консерватив нам, МСДН, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний хүч нам, Эх Орон нам, Эрх Чөлөөний Эвсэл нам, Монголын Либерал Нам, ИХН-ууд, мөн Үндэсний эвсэл, ШИНЭ эвсэл сонгуульд оролцоно.

Тэдний сурталчилгаа дөрөв хоногийн дараа эхэлнэ. Тэгээд 2024 оны зургадугаар сарын 28-нд санал хураана. Тэр шөнөдөө сонгуулийн дүн гарчихна.

Гэхдээ энэ сарын 10-наас эхлээд 26-ны шөнийн 23:59 цагт дуусах сурталчилгааны хугацаа их “сонирхолтой” болно. Сонгуулийн оргил үе гэж болох юм. Учир нь сурталчилгааны хугацаанд улс төрийн намууд хэрхэн нэр хүндээ, нэр дэвшигчдээ өөд татах вэ гэдгийг шийддэг. Тэр утгаараа чухал юм.

Ер нь бол, энэ нь тухайн улс төрийн нам, эвслийн сонгуулийн ерөнхий менежертэй шууд холбоотой. Хэн гэдэг ерөнхий менежерээс ямархуу “үүц” задарч, тактик гарч ирэх нь хамгийн гол анхаарлыг татдаг. Тиймээс сонгуулийн ерөнхий менежерийг “сонгуулийн найруулагч” гэж болох юм.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тухайд гол өрсөлдөөн МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвсэл, бас ШИНЭ эвсэл гэсэн улс төрийн хүчнүүдийн дунд явагдах бололтой байна.

МАН-ын сонгуулийн ерөнхий менежерээр тус намын генсек Д.Амарбаясгалан ажиллана.

Тэрээр ШУТИС-ийг Цахилгаан холбооны инженер-Мэдээлэл хэмжлийн электроник-цахилгааны холбооны инженер, МУИС-ийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөн. “Соёмбо принтинг” ХХК-д ерөнхий менежер, захирал, “Монгол Шуудан” ТӨХК-д Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, МАН-ын ХЭГ-ын МОНХХ-ийн дарга, НИТХ-ын  төлөөлөгч, тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга, 2016 оноос хойш МАН-ын генсекээр дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна. 2022 наймдугаар сард ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Д.Амарбаясгалан УИХ-ын 2020 оны сонгууль, Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан.

АН-ын сонгуулийн ерөнхий менежерээр мөн л генсек Э.Одбаяр нь ажиллана. Э.Одбаярын тухайд анхны томоохон бөгөөд хатуухан үүрэг хүлээж буй сонгууль болж байна. Учир нь 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш АН-ынхан дотроо хагарч, тарж яваад жил гаруйн өмнө эргэж нийлсэн. Тэгэхдээ улам олон фракцтай болчихсон. Тэр нь АН-ыг эргэж нэгдэхэд ихээхэн тотгор болсон. Гэсэн ч АН-ын удирдлагууд 2023 оны туршид “…Манай намынхан эвтэй байгаа” гэж удаа дараа мэдэгдэл хийсэн. Гэвч саяхан болсон нэр дэвшүүлэх ажиллагаагаар худал байсан нь ил болсон. Ямартай ч СЕХ “эвлүүлж” байгаад бүртгэсэн болохоор сонгуульд орно. Харин хөшигний ард нөгөө л хэрүүл тэмцэл нь үргэлжлээстэй учраас ерөнхий менежерээр ажиллах генсек Э.Одбаяраас нь ихээхэн “хүч, бяр, ухаан” шаардах нь ойлгомжтой болоод байгаа юм.

ХҮН намын ерөнхий менежерээр Ерөнхий сайд асан, ҮШН, МҮАН-ыг үүсгэн байгуулагч М.Энхсайхан ажиллахаар болсон нь улс төрийн хүрээнд хөөрхөн яриа хөөрөө дэгдээгээд авсан. Тэрээр 1978-2015 оныг хүртэл Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд М.Энхсайхан Киевийн улсын их сургууль төгссөн. Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. АНУ, Япон, ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн. Гадаад худалдааны яаманд эдийн засагч, ЭША, газрын орлогч дарга, Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн, ЕТГ-ын дарга, Ерөнхий сайд, “Премьер интернейшнл” ХХК-нд захирал, АН-ын дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд, ҮШН-ын дарга, МҮАН-ын дарга, “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирал, “Тавантолгой цахилгаан станц” төслийн нэгжийн захирал, Том төсөл хариуцсан сайдаар  ажилласан.

“Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн ерөнхий менежерээр тус эвслийн тэргүүн Н.Номтойбаяр ажиллана. Тэрээр АНУ-ын Индиана мужийн "Interlink" хэлний институт, АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их Сургуулийг Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Үндэсний тагнуулын академийн Тагнуулын ажилтны сургалтын хөтөлбөр, HTW Berlin их сургуулийн Бизнесийн удирдлага, инженерингийн магистр, Кембрижийн их сургуулийн Удирдлагын хөтөлбөр, Оксфордын их сургуулийн Удирдлагын хөтөлбөрийг дүүргэсэн.

2001-2020 онд ТЕГ-т ажилтан, МАК ХХК-д Төслийн менежер, Тамгын газрын захирал, Нийгмийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, Бодлогын зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, 2012 онд ХНХ-ын дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, МАН-ын дэргэдэх Стратеги Академийн Удирдах Зөвлөлийн гишүүн, ХНХ-ын сайд, УИХ-ын гишүүн байсан. 2020 онд түүнийг МАН-ын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлсэн. Мөн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсан. УИХ-ын 2020 оны сонгуульд СЕХ бие дааж нэр дэвшигчээр бүртгэсэн ч шүүхээс гэнэт баривчилсан. Улмаар Улсын дээд шүүхээс Н.Номтойбаярт “…Албан тушаалдаа хайнга хандсан” гэсэн үндэслэлээр нэг жил хорих ял оноосныг биеэр эдэлсэн. Гэхдээ ХЭҮК болон Amnesty International байгууллага Н.Номтойбаярыг “улс төрийн хоригдол” гэж тайландаа тусгасан байдаг. Тэр суллагдсанаасаа хойш өөрийгөө гэм буруугүй гэдгээ батлах хууль, эрх зүйн арга хэмжээ авч, цагаатгуулахаар нэлээд ажилласан. Ингэсээр энэ удаагийн УИХ-ын сонгуультай золгосон юм.

ШИНЭ эвслийн ерөнхий менжерээр ШИНЭ намын дэд дарга Ж.Цолмон ажиллахаар болжээ. Түүнийг Эрүүл мэндийн дэд сайд, АШҮИС-ийн захирлаар ажиллаж байснаар нь олон нийт сайн мэднэ. Өмнө нь МАН-ын эмэгтэй гишүүдийн нэг төлөөлөл болж явсан Ж.Цолмон яг жилийн өмнө, өдийд ШИНЭ намыг сонгож, дэд даргаар нь сонгогдсон юм. Харин энэ сонгуульд ШИНЭ нам нь МУНН-тай нийлж ШИНЭ эвсэл нэрээр оролцоно.

Одоогоор өөрсдөө болоод улс төрийн нам, эвслүүд нь нэрийг нь зарласан сонгуулийн ийм дөрвөн “найруулагч”-ийн нэр тодроод байна. Тэдний тухайд энэ удаагийн сонгуульд  нэлээд хүчтэй өрсөлдөх хүчнүүдийн уураг тархи болохоороо онцлогтой юм.

Өөрөөр хэлбэл, тэд намаа, эвслээ ямар тактикаар сонгуульд оролцуулж, ямар ямар “үүц” задлах нь удахгүй тодорхой болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 112 (7356)

Сэтгэгдэл бичих