Туркийн Анталья хотод байт харвааны Олимпын эрх олгох Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 11-нд эхэлнэ.
Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлагад найман тамирчин цэц сорих юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, М.Гэгээн, Д.Дашнамжил нар оролцох бол эмэгтэйчүүдэд Б.Буянтүшиг, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг нар өрсөлдөнө.
Энэ нь Монголын Үндэсний шигшээ багийн нийт тамирчдын Олимпын эрх олгох сүүлийн тэмцээн гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, монголчуудын эрхийн төлөөх өрсөлдөөн үүгээр дуусаж байгаа юм.
Монголын баг тамирчид одоогоор “Парис-2024” зуны Олимпын наадмын найман спортын төрөлд 30 эрх авчээ. Тодруулбал, жүдо 10, чөлөөт бөх найм, бокс хоёр, дугуй хоёр, хөнгөн атлетик гурав, байт харваа нэг, хүндийн өргөлт нэг, буудлага гурван эрхтэй байна.