Тайландын нийслэл Бангкок хотод Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн болж өндөрлөлөө. Манай улсаас тус тэмцээнд 12 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер М.Энхжаргал Парисыг зорих эрх өвөртөллөө. Ингэснээр тэрбээр Парисын Олимпын эрх авсан Монголын хоёр дахь боксчин болж байна. М.Энхжаргал Олимпын эрхийн шийдвэрлэх тулаанд Венесуэлийн 10 удаагийн аварга Йохана Гомезыг буулган авсан юм. Өмнө нь тэрбээр Япон, Канадын тамирчдыг илт давуугаар хожсон билээ.
Ханжоугийн Азийн наадмаас эмэгтэйчүүдийн 50 кг-д О.Есүгэн Олимпод оролцох эрхтэй болсон юм. Тэгвэл эрэгтэйчүүд нэг ч эрхгүй хоцорлоо. Монголын эрэгтэй боксчдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ. Тэрбээр Олимпын эрхийн төлөөх шийдвэрлэх тулаанд дэлхийн аваргын хүрэл медальт АНУ-ын тамирчин Роскод ялагдсанаар монголчуудын сүүлчийн найдвар тасрав. Ийнхүү Монголын эрэгтэй боксчид 1972 оноос хойш 12 Олимп дараалан оролцсон буухиа Парист тасарч байна. Эрэгтэй боксчид Олимпоос нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн юм.
Харин эмэгтэй боксын төрөл 2012 оны Лондоны Олимпоос эхлэлтэй бөгөөд манай улсаас Токиогийн Олимпод анх удаа эмэгтэй боксчин оролцсон билээ. Тэгвэл Парист хоёр тамирчнаа илгээх эрхтэй болоод байна.