Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг томилов

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Г.Туулхүү нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлж, түүний оронд Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг томилов.

Нэр дэвшигч Ц.Цолмон нь 1973 онд төрсөн. 1988 онд Улаанбаатар хотын 52 дугаар дунд сургуулийг төгссөн. 1993 онд  ОХУ-ын Омск хотын Технологийн сургуулийг фототехникийн технологич /бакалавар/ мэргэжлээр, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч /бакалавар/ мэргэжлээр төгссөн. 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуулийн хууль зүйн магистр, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуулийн хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Тэрбээр ажлын гараагаа УИХ-ын Тамгын газраас эхэлж, зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багшаар, 2004 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар, 2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар тус тус ажилласан. Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, арбитрч.

Нэр дэвшигч Р.Батрагчаа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 1995 онд Улаанбаатар хотын 77 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч /бакалавр/ мэргэжлээр төгссөн. 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокуророор, 2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багшаар, 2005-2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “Берримен” хуулийн фирмд туслах хуульчаар, 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульчаар, 2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгчөөр, 2016-2019 онд “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар, 2019-2020 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар, 2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх.

Нэр дэвшигч Б.Болдбаатар нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 56 настай, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1986 онд Улаанбаатар хотын 10 жилийн 33 дугаар дунд сургуулийг, 1992 онд Москва хотын Авто замын дээд сургуулийг инженерээр /бакалавр/, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр /бакалавр/ тус тус төгссөн. 1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгчөөр, 1992-1997 онд “Боловсрол” ХХК-д менежерээр, 1997-2004 онд “Түшээ” дээд сургуульд гүйцэтгэх захирлаар, 2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагчаар, МАХН-ын ажлын албаны дэд даргаар, 2005-2006 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН-д Хуулийн хэлтсийн Хууль зүйн албаны даргаар, 2006-2010 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, бүлгийн ажлын албаны даргаар, 2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар, 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр тус тус ажилласан. УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, Хууль эрх зүйн газрын дарга. Орос, англи хэлтэй.

Үндсэн хуульд “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэж, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд “Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно” гэж тус тус заажээ.

Сэтгэгдэл бичих